ИРГЭНИЙ  ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

2021-09-14 | Уншсан: 3118

                                            ИРГЭНИЙ  ЭРХ ЗҮЙН БОДЛОГО

Бодлогын нөхцөл:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Алт олборлох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “А” ХХК-нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Төв” банктай  “Үнэт металл хадгалах, худалдах худалдан авах” гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу Худалдагч тал  “А” ХХК-нь гулдмайлсан алтыг “Төв” банкинд хадгалуулж, дараа нь түүнд худалдах, харин “Төв” банк нь уг гулдмайлсан алтыг хадгалж, “А” ХХК-ийн тогтоосон хугацаанд худалдан авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон.

Тус гэрээний 1.1.2 дугаар заалтад “металлыг нийлүүлэх ба худалдах хугацаа нь гэрээ байгуулснаас хойш хагас жилийн туршид”, худалдах өдрийг дээрх хугацааны дотор худалдагчаас тогтоосон өдөр байхаар талууд тохирсон байна. Түүнлэн гэрээний 1.2.4 дүгээр заалтад “Төв” банкинд худалдах гулдмайлсан алтны хэмжээг тус гэрээний 1.1.2 дугаар заалтад заасан хугацаанд худалдах гулдмайлсан алтны хэмжээг хадгалалтад өгсөн алтны тус бүрийн жинг үндэслэн тодорхойлно, гэхдээ “Төв” банк нийт хэмжээг 1.000.000 граммаас багагүй хэмжээний алтыг хадгалалтад авч, худалдан авах нөхцлөөр харилцан тохиролцсон.

 “А” ХХК-нь олборлосон гулдмайлсан алтыг “Төв” банкинд гэрээнд заасан хугацаанд хадгалалтад өгч байсан бөгөөд хадгалалтад өгсөн нийт алтны хэмжээ нь 2.000.000 грамм алт болсон байсан. Тэгээд “А” ХХК хадгалалтад өгсөн гулдмайлсан алтыг цаашид өөр этгээдэд борлуулахын тулд “Төв” банкнаас гаргуулж авъя гэхэд татгалзсан.

 Иймд “А”- ХХК-нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул “Төв” банкинд хадгалуулсан 2.000.000  грамм гулдмайлсан алтыг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Төв” банк шүүхэд гаргасан тайлбартаа:

“Төв” банк нь гулдмайлсан алтыг хадгалж байгаад борлуулах нь ойлгомжтой байсан учраас “А” ХХК -ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Асуулт:

1. “А” ХХК ямар төрлийн гэрээнээс үүссэн үр дагаврыг ямар шаардах эрхийн үндэслэлээр  эрхээ хамгаалуулах боломжтэй вэ?

2. Хэрэв та “Төв” банкны  өмгөөлөгч бол үндсэн нэхэмжлэлийн эсрэг ямар агуулгатай сөрөг шаардлага гаргах вэ?

 

БОДОЛТ: 

“А” ХХК-нь “Төв” банкинд хадгалуулсан 2.000.000  грамм  алтыг алтыг гаргуулж өгөхийг шаардаж байна. “А” ХХК  шаардах эрхтэй эсэхийг тогтоохын тулд юуны өмнө ямар төрлийн гэрээ байгуулагдсан эсэх, ямар гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй эсэхийг тэргүүн ээлжид шалгах шаардлагатай.

Нэг.  Ямар төрлийн гэрээний үндсэн дээр шаардах эрх үүссэн эсэх:

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээгээр “Төв” банкинд гулдмайлсан алтыг хадгалуулахын тулд тохиролцсон уу?  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр “А” ХХК нь олборлосон гулдмайлсан алтыг “Төв” банкинд гэрээнд заасан хугацаанд хадгалалтад өгч худалдахаар  тохиролцсон уу?  гэдэг нь чухал ач холбогдолтой.  

Иймд “А” ХХК-нь “Төв” банкинд хадгалуулсан 2.000.000 грамм гулдмайлсан алтыг гаргуулахаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар шаардах эрхтэй юу? эсхүл Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй эсэхийг дүгнэнэ.  

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар шаардах эрхтэй байхын тулд талуудын хооронд Хадгалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлагатай. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байхын тулд зохигчдын хооронд Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлагатай. Гэхдээ тус харилцаанд ямар гэрээний харилцааны шинж илүү агуулсан гэдгийг анхаарна.

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Үнэт металл хадгалах, худалдах худалдан авах” гэрээ гэж нэрлэсэн ч, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлсон зохицуулалтыг дүгнэхэд тус Холимог гэрээ нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээний шинжийг илүү агуулжээ. 

1. Гэрээ байгуулагдсан эсэх:

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэхийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шалгана. Гэрээ байгуулах санал, хүлээн зөвшөөрсөн саналын хариу байгаа тохиолдолд гэрээ байгуулагдсан буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзнэ. Үүнээс гадна талуудын тохиролцсон үүргийн эдийн засгийн зорилго бас хамаатай. Талууд гэрээг хэрхэн нэрлэсэн нь гол биш, харин өөрсдийн хүлээх эрх, үүргийг хэрхэн тохиролцсон нь буюу тодорхой тохиолдолд бүх нөхцөл байдлыг ялангуяа үүргийн агуулгыг харгалзан үзэж тогтоодог.

 “А” ХХК-нь “Төв” банктай байгуулсан “Үнэт металл хадгалах, худалдах худалдан авах” гэрээнд заасны дагуу гулдмайлсан алтыг “Төв” банкинд хадгалуулан, дараа нь түүнд  худалдах, харин Төв Банк нь уг гулдмайлсан алтыг хадгалж, “А” ХХК-ийн тогтоосон хугацаанд худалдан авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж гэрээ байгуулагдсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Хадгалалтын гэрээний харилцаа эсхүл Худалдах худалдан авах гэрээний харилцааны аль нь үүссэн эсэхийг тодорхойлоход Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхаарна.

Холимог гэрээний хэм хэмжээний хэрэглээнд хувийн эрх зүйн “шингээлтийн  зарчим” үйлчилдэг. “Шингээлтийн зарчим”-ын гол агуулга нь Холимог гэрээнд илүү давамгайлж буй элементийг тогтоож түүнд гэрээг бүхэлд нь хууль ёсны үндэслэлд нийцүүлдэг.

Энэхүү Хадгалалтын гэрээний дагуу талуудын хүлээсэн үүргийг тодорхойлбол, “Төв” банк “А” ХХК-ийн тушаасан алтыг гэрээний хугацаанд хадгалж, өөрөөр хэлбэл бүрэн бүтэн байдлыг нь ханган, хадгалж, “А” ХХК-аас худалдах захиалга ирүүлсэн тохиолдолд алтыг худалдан авах үүрэг хүлээсэн нь тодорхой байгаа тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ байгуулагдсан байна.

Улмаар талууд тус гэрээгээр алт өмчлөх эрх шилжих тухай тусгайлсан зохицуулалт оруулсан гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай. Тохиолдлын өгөгдөлд тусгай зохицуулалт гэрээнд тусгасан тухай дурьдаагүй тул хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь үндэслэлтэй юм. “А” ХХК нь “Төв” Банкинд хандаж алт худалдах захиалга буюу Иргэний хуулийн 195.1 зүйлд заасан гэрээ байгуулах саналыг гаргаагүй тул талуудын хооронд алт худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Иймд алт өмчлөх эрх нь “А” ХХК-аас Банк руу шилжээгүй байна.

2. Гэрээ хүчин төгөлдөр эсэх :

Хадгалалтын гэрээ нь бусад гэрээний нэгэн адил Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан талуудын хүсэл зориг нийцсэнээр, мөн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог.

Хадгалалтын гэрээнд хэлбэрийн шаардлагыг зохицуулсан тусгайлсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно. Иймээс зохигчдын хооронд бичгээр тохиролцож Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хүчин төгөлдөр Хадгалалтын гэрээ байгуулагдсан байна.

 

Хоёр. Шаардах эрх үүссэн эсэх:

Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн эсэх

 “А” ХХК-нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасны дагуу Хадгалалтын гэрээ хугацаатай байгуулагдсан эсэхээс үл хамааран хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авах эрхийг хэрэгжүүлж болно.

“А” ХХК нь “Төв” банкинд хадгалуулсан 2.000.000 грамм алтыг өөрт нь гаргаж өгөхийг шаардах эрхтэй эсэхийг шалгахын тулд Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг шалгая. Үүнд:

  1. Гулдмайлсан алтыг хадгалж байгаа эсэх:  “Төв” банкинд  2.000.000 грамм алтыг хадгалуулсан.
  2. Гулдмайлсан алтыг буцаан авч болох эсэх: “А” ХХК-ийн тушаасан алтыг гэрээний хугацаанд хадгалж, бүрэн бүтэн байдлыг нь ханган хадгалж, “А” ХХК-аас худалдах захиалга ирүүлсэн тохиолдолд л алтыг худалдан авах үүрэг хүлээсэн.  
  3. “А” ХХК-ийн гулдмайлсан алтыг  буцаан авах  хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх: “А” ХХК-нь “Төв” банкинд хадгалуулсан 2.000.000 грамм алтыг буцаан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул шаардах эрх хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байна.

Гурав.  Шаардах эрх дуусгавар болсон эсэх:

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар шаардах эрх дуусгавар болоогүй.

Дөрөв. Хэрэв Төв банкны өмгөөлөгч байсан бол үндсэн нэхэмжлэлийн эсрэг ямар агуулгатай сөрөг шаардлага гаргах эсэхийг шалгая.

“Төв” банкинд “А” ХХК-ийн хадгалуулсан гулдмайлсан алт нь өөрөө төрлийн шинжээр тодорхойлогдох хөдлөх эд хөрөнгө юм. Хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх нь нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжихийн тулд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дүгээр зүйлд заасны дагуу хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

“Төв” банк нь  Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн эсрэг түүний эзэмшилд тухайн гулдмайлсан алтыг шилжүүлснээр өмчлөх эрх үүсэх агуулга бүхий сөрөг шаардлага гаргаж болно.

Тав. Эрх зүйн үр дагавар

1.  “А” ХХК-нь “Төв” банкинд  хадгалуулсан  2.000.000 грамм гулдмайлсан алтыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасны дагуу Хадгалалтын гэрээнээс  үүссэн үр дагаврыг Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасныг үндэслэн шаардах эрхтэй.

2. “Төв” банк нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн эсрэг түүний эзэмшилд тухайн гулдмайлсан алтыг шилжүүлснээр өмчлөх эрх үүсэх агуулга бүхий сөрөг шаардлага гаргаж болно.

 

Бодлогын хариулт дүгнэх онооны хуваарилалт

 

дд

Шалгах зүйл

Дүгнэх оноо

1

1.1. Зохигчдын хооронд ИХ-ийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ,  ИХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцааг  ялгаж тодорхойлсон эсэх

1.2. ИХ-ийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасан “Холимог гэрээний агуулга”-ыг тайлбарласан эсэх

0-5

 

 

0-1

2

2.1. Зохигчдын хооронд ИХ-ийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ байгуулсан эсэхийг шалгах, Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх  

2.2. Гэрээ нь ИХ-ийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.2,  40 дүгээр зүйлийн 40.1; 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр болохыг дүгнэсэн эсэх

0-5

3

3.1. ИХ-ийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасны дагуу хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авах шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг  шалгасан эсэх 

3.2. ИХ-ийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан шаардах эрх дуусгавар болоогүй эсэхийг шалгах

0-4

4

4.1. ИХ-ийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээнээс  үүссэн үр дагаврыг 425 дугаар зүйлийн 425.1-д үндэслэн шаардах эрхийг зөв тодорхойлсон эсэх, Худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг тодорхойлсон эсэх

4.2. ИХ-ийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн эсрэг түүний эзэмшилд тухайн гулдмайлсан алтыг шилжүүлснээр өмчлөх эрх үүсэх агуулга бүхий сөрөг шаардлага гаргаж болохыг тодорхойлсон эсэх, Банкны тухай хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг хэрэглэсэн эсэх  

0-2

 

 

 

 

 

0-3

 

Нийт

 

0-20

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн