ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫГ 2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 08-10-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОВЛОЛОО

2021-06-07 | Уншсан: 4233

  Монголын Хуульчдын холбооны Зөвлөл 2021 оны зургадугаар сарын 05-ны өдөр цахимаар хуралдан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Хуульчдын холбооны дүрмийн 4.9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн холбооны Зөвлөлийн ажиллах журамд нэмэлт оруулав. Тус нэмэлтээр онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд, эсхүл төрийн эрх бүхий байгууллагаас хугацаа зааж шийдвэр гаргуулахаар хандсан тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх, Зөвлөлийн ажиллах журамд заасан зарчмыг баримтлан асуудлыг цахим хурлын дэгээр хэлэлцэх зэрэг хурал зохион байгуулахтай холбоотой зохицуулалтуудыг оруулсан.

Хоёр. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан дараах 3 асуудлыг шийдвэрлэв. Үүнд:

  • 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2021 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов.
  • Хуульчдын холбооны Зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийн хураамжийн хэмжээг 80,000 /наян мянга/ төгрөг байхаар шинэчлэн тогтоов. 
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын болон шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүнд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоов.

Гурав. Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцав.

Дөрөв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн долдугаар бүлэг буюу  “Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний ажиллах журам” хүчингүй болсонтой холбогдуулан Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албыг татан буулгахаар шийдвэрлэж, тус хорооны зарим чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчийг Тамгын газарт шилжүүлэн ажиллуулахаар болов.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн