ХУУЛЬЧДЫН ЭНЭ ОНД ХАНГАХ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН БАГЦ ЦАГИЙГ 3 БОЛГОЖ БАГАСГАЛАА

2021-04-24 | Уншсан: 1628

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-д хуульч нь хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангахаар заасан. Мөн Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд “Хуульч жил бүр 4-өөс доошгүй багц цагийн сургалтад хамрагдсан байх бөгөөд 1-ээс доошгүй багц цаг нь мэргэжлийн суурь сургалт, 3 багц цаг нь мэргэшүүлэх чиглэлийн сургалт байна” хэмээн нарийвчлан зохицуулсан.

  Дэлхий даяар коронавирусийн халдвар /COVID-2019/ дэгдэж, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг сүүлийн 2 жилийн хугацаанд танхимын хэлбэрээр явуулах боломжгүй байгаа билээ.

  Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн зүгээс 2020 онд хуульчдын хангах багц цагийг багасгах, хөнгөлөлт үзүүлэх саналыг Хуульчдын холбооны зөвлөлд танилцуулж, дэмжиж шийдвэрлэсэн байдаг. 

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч энэхүү саналаа Зөвлөлд дахин уламжилж, 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн цахим хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар 2021 онд хангах хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг 3-аас доошгүй байхаар шийдвэрлэлээ. 

  Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооноос зохион байгуулж буй вебинар болон видео сургалтад хамрагдаж, тухайн жилийн хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа хангах боломжтой юм.

Видео сургалтад хамрагдах бол ЭНД дарна уу!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн