ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ХОЁР ДАХЬ ЭЭЛЖИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-04-24 | Уншсан: 466

   Монголын Хуульчдын холбоо нь Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага(ОУХЭЗБ)-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн үүрэг” сэдэвт хоёр дахь ээлжийн сургалтыг өнөөдөр (2021.04.24) цахимаар зохион байгууллаа.

  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, тэдний эрхийг хамгаалахад өмгөөлөгчийн ур чадварыг хөгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчид туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийг мэргэшүүлэх болон мэргэшсэн өмгөөлөгчийн тоог нэмэгдүүлэх зорилготой тус сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр ОУХЭЗБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд нийт 30 өмгөөлөгчийг хамруулж, хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цагийг хангасанд тооцсон.

   Сургалтыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нээж үг хэлсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн асуудал нь нийгэмд хурцаар тавигдаж байгаа тул тус гэмт хэргийн хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийг мэргэшүүлснээр хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлээр хамтран ажиллах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь чухал байгааг онцолсон юм.

   Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар, төслийн зөвлөхийн хамт чиглүүлэн явуулсан. Тодруулбал, "Төр иргэн түншлэл" ИНБ-ын тэргүүн Б.Аюуш "ГБХ-ийн тухай ойлголт, хэлбэр, хор уршиг" сэдвээр, ХЗҮХ-ийн сургагч багш Д.Сарангэрэл "ГБХ-ийн хохирогчийн онцлог, түүнд үзүүлэх тусламж үйлчилгээ" сэдвээр, хуульч С.Энхцэцэг "ГБХ-тэй тэмцэх эрх зүйн орчин, байгууллагуудын чиг үүрэг" сэдвээр, ДХИС-ийн багш Д.Эрдэнэбат "ГБХ-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад хохирогчийн эрх, эрх ашгийг хамгаалах нь" сэдвээр тус тус хичээл заасан бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн, өмгөөлөгч Н.Арвинтариа зөвлөх багшаар оролцож, "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад хохирогчийн эрх, эрх ашгийг хамгаалах нь" сэдвээр мэдээлэл өгч, өмгөөлөгчдийн асуултад хариулж, зөвлөгөө өглөө.

  Энэхүү сургалтад хамрагдсан 30 өмгөөлөгчийн 2021 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цагийн төлбөрийг төслийг хэрэгжүүлж буй ОУХЭЗБ-аас  санхүүжүүлсэн юм. 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн