БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИАР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

2021-02-17 | Уншсан: 1071

   УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хууль,  холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталсан. Дээрх хуулиудаар банкны салбарын үйл ажиллагаанд оруулсан гол өөрчлөлтүүдийн талаар “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Баяраагаас тодрууллаа.

-Банкууд хяналтын тогтолцоо муу байдгаас үүдэлтэйгээр чанаргүй зээл ихээр олгож, банкийг дампууруулж, харилцагчдыг хохироодог гэх шүүмжлэл байнга гардаг. Энэ шүүмжлэлийг засаж чадахаар өөрчлөлтийг хуульд тусгаж чадсан уу?

-Монгол Улс нь Эмиссийн банк буюу Төв банк (Монголбанк) болон арилжааны банк гэсэн 2 шатлалт банкны тогтолцоотой. Арилжааны банк нь харилцагчдын мөнгөн хөрөнгийг хадгаламж, харилцах данс хэлбэрээр өөртөө татан төвлөрүүлж, улмаар уг хөрөнгийг зээл олгох замаар санхүүгийн зуучлал эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Банкны нийт хөрөнгийн 10 хувь нь банкны хувьцаа эзэмшигч эздийн өмч байдаг бол үлдэх 90 хувь нь харилцагчдын хөрөнгө тул төрийн хяналтыг Төв банкаар дамжуулан хэрэгжүүлдэг. Банкны эзэд өөрсдөө 10 хувийг эзэмшдэг атлаа харилцагчийн 90 хувийн хамт нийт 100 хувийн хөрөнгийн менежментийг хэрэгжүүлж байгаа нь банкны эзний хамааралтай бизнесийг давуу байдлаар санхүүжүүлэх замаар шударга бус өрсөлдөөн үүсгэдэг, харилцагчийн мэдээллийг бизнес хийхэд ашигладаг, хяналтын тогтолцоо муугаас хамааралтай этгүүдүүддээ чанаргүй зээл ихээр олгож банкийг дампууруулж, харилцагчдыг хохироосон гэх шүүмжлэл, жишээ байнга үүссээр ирсэн. Дээрх шалтгаанаар хууль тогтоогчийн зүгээс нэг хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмших хувьцааны дээд хязгаарыг 20 хувь гэж тогтоон энэ шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн хангасан байхыг хуулиар үүрэг болгосон байна. Банкны тухай хуульд оруулсан нэмэлтээр бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглосон нь өнөөгийн хувьцаа эзэмшигчийг хэлбэрийн төдий өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлсэн зохицуулалт болсон байна. Хэдийгээр банкны хувьцааны төвлөрлийг сааруулах нь засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй, олон нийтийн хяналттай, банкны харилцагч нарыг хувьцаа эзэмшиж хяналт тавих боломжийг олгосон зэрэг олон давуу талтай ч энэхүү шилжилтийг хийхэд одоогийн хувьцаа эзэмшигчийг хохироохгүй байх, хувьцаа борлогдохгүй бол яах вэ, хувьцааг шинээр эзэмшигчтэй үнэлгээг тохиролцож чадах уу, мөн олон шинэ хувьцаа эзэмшигчдийн хооронд үл ойлголцол үүсвэл хэрхэх зэрэг олон сорилтуудыг туулах шаардлага үүснэ.

 

-Манай улсын бүх банк хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаат компани болж өөрчлөгдөхөөр болсон байна. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 12 банк бүгдээрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээрээ хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдаж, үүнээс системийн нөлөө бүхий 5 банк нээлттэй хувьцаат компани зайлшгүй болох бол бусад 7 жижиг банк нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани болохоо өөрсдөө сонгохоор байна.  Өмнөх хуулиар банкны компанийн хэлбэр ямар байх нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн сонголт байсан. Шинэ хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг ирүүлж, улмаар 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор IPO(initial public offering) гаргаж хувьцаагаа анхдагч зах зээлд гаргах үүрэг хүлээлгэсэн байна. Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр өдөр тутам нээлттэй арилжаалагдах тул Монголын системийн нөлөө бүхий топ 5 банкны хувьцааг худалдан авах эрх бусдад нээгдэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад очиж, мэдээлэл ил тод нээлттэй болно.

-“Нөлөө бүхий банк” гэх шинэ зохицуулалтын талаар тодруулбал?

-Банкны тухай хуулиар Монголбанк хуульд заасан зохих шалгуурыг баримтлан “Банкны систем дэх нөлөө бүхий банк” гэх тодорхойлох шаардлага үүссэн. Мөн нэмэлтээр банкны нөлөө бүхий буюу 5 хувийн хувьцаа эзэмшигч өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан байж болохгүй зэрэг шалгуурыг хуульчилснаас гадна хувьцаа эзэмшигчийн эдийн засаг (санхүүгийн чадавх), эрх зүйн (зарим төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдээгүй) нэмэлт шалгуурыг тусгасан байна.

 -Банкинд тавигдах компанийн засаглалын шалгуур нэмэгдсэн үү?

-Банкуудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өмнө нь 5 гишүүнтэй, үүнээс 1 нь хараат бус гишүүн байдаг байсан бол шинэ хуулиар ТУЗ нь 9 ба түүнээс дээш гишүүнтэй байхаар зохицуулж, үүний гуравны нэгээс доошгүй буюу багадаа 3 хараат бус гишүүнтэй байхаар хуульчилсан.

-Монголбанкны эрх хэмжээнд өөрчлөлт оруулсан уу?

-Монголбанкны зүгээс банкны лицензийг цуцлах, хяналт шалгалтыг бусад этгээдтэй хамтран цар хүрээтэй хийх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлах эрх хэмжээ нэмэгдсэн. Татан буугдаж буй банкин дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч хувьцаа эзэмшигчийн хувьцааны эрхийг хязгаарлах эрх үлэмж нэмэгдсэн. Татан буугдаж буй банкны хөрөнгөөс төлбөрийг барагдуулах дараалалд зохих өөрчлөлт оруулж харилцагч иргэдэд тэргүүн ээлжид төлбөрөө барагдуулах давуу эрх өгсөн байна.

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн