ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ЗОХИЦУУЛАГЧААР ХУУЛЬЧ Э.ОДОНЧИМЭГ СОНГОГДЛОО

2020-09-11 | Уншсан: 287

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.

  Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул “Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт” сэдвээр, УЕПГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт” сэдвээр, “Хан голомт” группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар”, “Хуульчийн илтгэх урлаг, ятган үнэмшүүлэх чадвар” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 60 орчим хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгосон юм.

   Мөн Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ажлын хэсэг нь салбарын зохицуулагч шинээр сонгох сонгуулийг зохион байгуулсан. Салбарын зохицуулагчид төлөөлөл бүрээс нэг хуульч нэрээ дэвшүүлсэн бөгөөд хуульч Эрдэнэбатын Одончимэг олонхын санал авч, Монголын Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо.

   Түүнчлэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Баатаржавын Ихтамирыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө. Үүний зэрэгцээ ажлын хэсэг нь "Хөгжлийн шийдэл" ТББ-тай хамтран “Төрөөс гарах шийдвэр, түүний төрөл, үр дагавар”, “Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын харилцааны зохицуулалт” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн төрийн бус байгууллагын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зохион байгуулсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн