ЭМГЭНЭЛ

2020-08-20 | Уншсан: 891

 ОСОРЫН АМАРХҮҮ

(1937-2020)

 

   Монгол Улсын гавьяат хуульч, Төр, нийгмийн зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Осорын Амархүү 2020 оны наймдугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас таалал төгсөв.

   О.Амархүү 1937 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. Тэрээр 1962 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1969 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. 1973-1976 онд Москва хотноо Нийгмийн ухааны Академийн аспирантурт суралцаж, “Хүрээлэн буй орчныг хамгаалах нь социалист төрийн үүрэг мөн” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтэн (боловсролын доктор) -ий зэрэг, 1999 онд “Монгол төрийн байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн түүхэн хөгжил, тогтвортой хөгжилд түүний эзлэх байр суурь” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

   О.Амархүү 1952-1956 онд Увс аймгийн Зүүнхангай сумын захиргаанд галч-бичээч, 1956-1959 онд мөн сумын захиргааны нарийн бичгийн дарга, 1962-1973 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хуулийн хороонд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, тасгийн дарга, 1976-1988 онд Хэрэг эрхлэх газарт хуулийн хэлтсийн дарга бөгөөд Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, 1988-1990 онд Шүүх яам, Хууль зүй, арбитрын яаманд орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1990-2000 онд Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ерөнхийлөгч, 2000 оноос насан өөд болтлоо “Шихихутуг” их сургуульд тэнхимийн эрхлэгч, магистрын сургалтын албаны дарга, зөвлөх багшаар тус тус ажиллаж байжээ.

  Тэрээр төр, засгийн хариуцлагатай албыг хашиж байх хугацаандаа Монгол төрийн хууль тогтоомжийг шинжлэх ухааны үндэслэлтэй эмхлэн цэгцэлж системчлэх ажлыг орчин үеийн арга, аргачлалын судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, гардан хэрэгжүүлсэн анхдагчдын нэг билээ.

   Төрийн удирдлага, зохион байгуулалт, байгаль орчныг хамгаалах чиглэлийн олон арван хуулийн төсөл боловсруулах ажлыг О.Амархүү удирдаж батлуулсан бөгөөд үүний дотор 1960 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тухай хууль, Ардын хяналт шалгалтын тухай хууль, Бүх нийтийн цэргийн үүргийн тухай хууль, Засан хүмүүжүүлэх байгууллагын тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль зэрэг 30 гаруй бие даасан томоохон хуулийн төслийг гардан хариуцаж боловсруулсан, хууль тогтоомжийн төсөл боловсруулах талаар өндөр мэргэшсэн төрийн зүтгэлтэн байсан.

   О.Амархүү Монгол оронд эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэртэй эрдэмтэн байсан бөгөөд тэрээр эрх зүйн чиглэлээр 30 гаруй томоохон бүтээл туурвиж хэвлүүлэн, хууль тогтоомжийн 4 боть эмхэтгэлийг эрхлэн гаргажээ. Түүний бичиж хэвлүүлсэн “БНМАУ-ын газар эдэлбэрийн эрхийн үндэс”, “БНМАУ-ын Хөдөө аж ахуйн нэгдлийн эрх зүйн үндэс”, “Монголын орчин цагийн экологийн эрх зүй”, “Эрх зүйн онол” зэрэг сурах бичиг, гарын авлагууд нь их, дээд сургуулийн оюутнуудын ширээний ном болсоор ирсэн.

   Тэрээр эрдэм судлалын ажлын зэрэгцээ их, дээд сургуульд багшилж, эрх зүйн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн туршлагатай профессор хүн.

   О.Амархүүгийн Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнаж, 2005 онд түүнд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээсэн юм.

   

 Түүний хөдөлмөрч хичээнгүй, ажил хэрэгч, хүнлэг энэрэнгүй, даруу зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд орших болно. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл саданд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!

 

Ум мани бадмэ хум

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн