ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛҮҮДЭД ДАХИН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙНЭ

2020-06-18 | Уншсан: 726

   Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.” хэмээн тусгасан билээ.

   Тус чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд 2020 оны эхний хагас жилийн байдлаар хуульч, өмгөөлөгчдөд зориулсан уулзалт, сургалтыг 5 удаа зохион байгуулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг утсаар болон цахим хаягаар хуульчдад тухай бүр хүргэж ажиллалаа.

   Мөн Монголын Хуульчдын холбоонд бүртгэлтэй 220 нөхөрлөлөөс 106 нөхөрлөлд эрсдлийн үнэлгээ хийж, өндөр эрсдэл бүхий 25 нөхөрлөлийг сонгон газар дээрх хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтаар заавар, зөвлөмж өгч ажилласан бөгөөд тухайн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хяналт, шалгалтыг дахин хийхээр төлөвлөөд байна.

   Иймд Өмгөөллийн нөхөрлөл болон өмгөөлөгчид та бүхнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг хүсье.

 

                                 МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн