ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ОПЕРАТОР КОМПАНИ, ЦАХИМ СҮЛЖЭЭГ АШИГЛАН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

2020-05-11 | Уншсан: 361

   Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үүрэн телефоны оператор компани, цахим сүлжээг ашиглан иргэдэд хууль, эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 01-ний өдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

  1. Нийслэл болон 21 аймагт 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсыг ажиллуулж, хуульч, өмгөөлөгчид болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагаас төлөөлөл оролцуулж, иргэдээс ирсэн хууль, эрх зүйн холбогдолтой асуултуудад хариулт өгч ажилласан бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт 399 хуульч 2080 иргэнд утсаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв. Зөвлөгөө өгч ажилласан хуульчдын бүрэлдэхүүнд ахмад хуульч Д.Тунгалаг(УДШ-ийн Иргэний танхимын шүүгч асан), Д.Мөнхтуул, З.Цэнгэнбаяр(Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгч асан), Э.Ариунаа("Шихихутуг" ХЗИС-ийн багш, шүүгч асан), С.Сүхбаатар("Шихихутуг" ХЗИС-ийн багш, прокурор асан),  өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Энхсайхан зэрэг  туршлагатай олон хуульч багтсан юм.
  2. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулж Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бэлтгэсэн 11 подкастыг 6 ФМ-ээр цацаж олон нийтэд хүргэв.
  3. www.ilaw.mn цахим хуудас болон ilaw аппликэйшний “Видео дуудлага” цэсийг ашиглан хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд нийт 70 гаруй иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авав.
  4. Монголын Хуульчдын холбоо болон өмгөөллийн “ЭмЖэйЭл атторнейс” ХХН-ийн фэйсбүүк хуудсаар  “live” хийж, хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгсөн бөгөөд 3500 гаруй хүн тус шууд дамжуулалтад холбогдож, хуульчдаас сонирхсон асуултдаа хариулт авав.
  5. Монголын Нотариатчдын танхимын нийслэл болон 21 аймгийн нотариатч нар өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй 80 гаруй иргэний бичиг баримтыг үнэ төлбөргүйгээр нь баталгаажуулж өгсний зэрэгцээ 1130 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
  6. Телевизүүдийн холбоотой хамтран ажилласан бөгөөд МҮОНТВ, ТВ9, С1, ETV, “Парламент” ТВ, ТВ24 телевизүүд тус үйл ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэв. Мөн “Өнөөдөр” сониноос "Хуульчийн про боно өдөр"-ийн ач холбогдлын талаар сурвалжилга бэлтгэн нийтэлсэн бол мэдээллийн 12 цахим хуудас тус үйл ажиллагааны зар мэдээг олон нийтэд түгээхэд дэмжлэг үзүүлсэн байна.

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо нь “Хуульчийн про боно 2020” өдрийг Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Нотариатчдын танхим, Монголын Телевизүүдийн холбоо, “Жи Мобайл”, ХХК, “ЭмЖэйЭл атторнейс” ХХН, “Ай Ло Инновэйтив” ХХК, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Иргэний эрх зүйн хороо, 21 аймаг дахь салбарын зохицуулагчид, хуульч, өмгөөлөгч нартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн