ГЕРМАНЫ “ДОЙЧЕ ВЕЛЛЕ АКАДЕМИ”, МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2020-02-20 | Уншсан: 738

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх “Дойче велле академи”-ийн Монгол дахь төслийн менежер Патрик Беннинг, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нарыг өнөөдөр (2020.02.20) хүлээн авч уулзлаа.

   Монголын Хуульчдын холбоо нь Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын “Дойче велле академи”-тай 2018 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшин ажиллах сонирхолтой хуульчдад зориулан "Хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах эрх зүйн боломж бий юу?", "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө: Олон улсын шүүхийн практик" зэрэг сэдэвт сургалтуудыг хамтран зохион байгуулсан. Түүнчлэн эдгээр сургалтад хамрагдсан хуульчдыг хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшүүлэх, сургагч багш бэлтгэхэд анхаарч, одоогоор 10 гаруй сургагч багшийг бэлтгээд байгаа билээ.

   Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, өмнө нь хэрэгжүүлж байсан ажлаа үр дүнд хүргэх, мөн хамтран ямар ажлуудыг зохион байгуулж болох талаар санал солилцсон юм. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн эрх зүйгээр мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх ажлыг үргэлжлүүлэх, мөн энэ чиглэлийн судлаачдын тоог нэмэгдүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт “Хэвлэл мэдээллийн эрх зүй”, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” зэрэг сэдвийг оруулах, хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудад хамтарсан сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх асуудлыг судлахаар тохиролцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн