ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР О.ЖАМБАЛДОРЖИД  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-11-21 | Уншсан: 608

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос хууль зүйн ухааны доктор Оргийн Жамбалдоржид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгууллаа.

 Иргэний эрх зүйн хороо нь хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, тэдний хийж бүтээсэн ажил үйлсийг залуу хуульчдад таниулах хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд тус хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын Хуульчдын холбоо, Оюуны өмчийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөл болон Шүүх яаманд хамт ажиллаж байсан найз нөхөд, ахмад өмгөөлөгчид, О.Жамбалдорж докторын үр хүүхдүүд, ач зээ нар оролцож, түүний намтар түүхийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн энэ үеэр О.Жамбалдорж доктор залуу хуульчдад хандаж өөрийн дурсамжаа хуваалцаж, үнэтэй сайхан сургаалиа хайрласан.

   Доктор О.Жамбалдорж нь БНМАУ-ын Прокурорын газрын чухал хэргийн мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхлүүлж, Сайд нарын зөвлөлийн Хуулийн хороонд ажиллаж, улмаар Шүүх яамны гадаад харилцааны хэлтсийн дарга, Намын үүрийн дарга, Нэгдүгээр орлогч сайд, сайдаар тус тус ажиллаж байжээ. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын нийгэм хангамжийн эрх зүйн сурах бичиг, Иргэний эрх зүйн сурах бичиг 1, 2, 3 дугаар дэвтэр зэрэг олон сурах бичиг, ном зохиолуудыг бичиж туурвисан байна. 

   Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдыг алдаршуулах, эрдэмтэн судлаачдын зөвлөгөө, саналыг хорооны үйл ажиллагаанд тусгах, хамтран ажиллах, хувийн эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн