ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ӨНӨМӨНХ LAWASIA-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

2019-11-11 | Уншсан: 607

   Ази, номхон далайн бүсийн хуульчдын холбоо (LAWASIA)-ны 32 дахь удаагийн чуулга уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт боллоо. 

   Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “Маргаан шийдвэрлэх арга зам”, “Харилцаа холбоо, технологи, мэдээллийн аюулгүй байдал”, “Хөрөнгө оруулалт, хүний эрх, хүрээлэн буй орчны эрх зүй”, “Хөдөлмөрийн эрх зүй”, “Гэр бүлийн эрх зүй”, “Эрүүгийн эрх зүй”, “Оюуны өмчийн эрх зүй” зэрэг 20 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд 40 гаруй улсын 600 гаруй хуульч оролцов.

   Ази, номхон далайн бүсийн хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн хурал 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болсон бөгөөд тус хуралд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх оролцож, тэргүүлэх гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж, тус холбооны ерөнхийлөгчийг сонгох, шинээр гишүүн элсүүлэх санал хураалтад оролцлоо. Тодруулбал, тус зөвлөлөөс Ази, номхон далайн бүсийн хуульчдын холбооны 2020-2021 оны Ерөнхийлөгчөөр (president-elect) Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мелисса Пангийг сонгов. Түүнчлэн БНХАУ-ын Шанхай хотын Барын холбоо болон БНСУ-ын Сөүлийн Барын холбоог Ази, номхон далайн бүсийн хуульчдын холбооны гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэжээ.  

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх нь чуулга уулзалтад оролцох үеэрээ Хонгконгийн Хуульчдын нийгэмлэг, Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх болон 2020 онд хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах талаар харилцан санал солилцсон. Тодруулбал, Японы Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан сургалтуудыг үнэлж, боловсронгуй болгохоор ярилцсан бол Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран Олон улсын арбитр, эвлэрүүлэн зуучлалын сэдвээр сургалт зохион байгуулахаар тохиролцов.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн