МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨНӨМӨНХ СОНГОГДЛОО

2019-10-28 | Уншсан: 1697

  Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

  Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 525 төлөөлөгчөөс 438 нь оролцсон, үүнээс 113 нь орон нутгийн хуульчид байв. Хурлыг нээж, Хуульчдын холбооны гурав дахь Ерөнхийлөгч Ж.Хунан үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ ирүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монголын төр хуульчиддаа хамгийн түрүүнд итгэж, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэдэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад үнэт зүйлээр нь нэгтгэн, хараат бусаар орших онцгой эрхийг олгосон нь томоохон дэвшил, ухарч болохгүй алхам болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш. Миний бие Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар хуульчдаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхөд онцгой анхаарч, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээсэн юм. (Бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

  УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ “Өнгөрсөн хугацаанд хуульчдын эрх зүйн нэгдмэл шинэ ухамсар соёлыг төлөвшүүлэхэд Монголын Хуульчдын холбоо зохих хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэж байна. Цаашид Та бүхэн мэргэжлийн энэхүү Холбоогоо олон улсын жишиг, түвшинд хүрсэн үр ашигтай удирдлага, менежментийн чадавхтай байгууллага болгон бэхжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн (Бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү) бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Хуульчдын холбоог байгуулсан нь хуульчдын бие даасан, мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог бий болгох, түүний удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хуульчдын мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон дэвшил болсон. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, ёс зүй, хариуцлагын тогтолцооны нэгдсэн стандартыг хэвшүүлж, нэгдмэл удирдлагын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлснээр хууль хүн бүрд эрх тэгш, шударга үйлчилдэг, хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй мөрддөг, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, авлига, хээл хахуулиас ангид нийгмийг бүрдүүлж чадна” хэмээн тэмдэглэсэн юм.(Бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

   Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар нар уламжилсан бөгөөд хурлын нээлтэд гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Ё.Ринзаан, Н.Чадраабал, Ж.Яринпил, Ц.Цэрэнжээ, ахмад хуульч Л.Даваасүрэн нарын хүндтэй зочид оролцсон.

   Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлын хуралдаан даргалагчаар прокурор Б.Бат-Орших, тэргүүлэгчдээр шүүгч Б.Сугар, өмгөөлөгч Л.Данзанноров, хуульч Р.Онончимэг нар сонгогдон ажилласан бол тооллогын комиссын даргаар өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гишүүдээр шүүгч Ж.Болдбаатар, Б.Түвшинжаргал, прокурор Ц.Өлзийжаргал, Т.Жавхлантөгс, өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хуульч Б.Нямхорол, Э.Уянга нар ажиллав.

    Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлаар Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг  Зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Г.Хишигсүрэн танилцуулсан. Мөн хурлаар Монголын Хуульчдын Зөвлөлийн гишүүд, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг батламжиллаа. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг ЭНД, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн нэрсийн ЭНД дарж харна уу.

  Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулсан бөгөөд ерөнхийлөгчид хуульч Намсрайн Ариунболд, Навагчамбын Баасанжав, Жүгдэрнамжилын Батзоригт, Батсайханы Өнөмөнх нар нэрээ дэвшүүлсэн.

   Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Б.Өнөмөнх 141, Ж.Батзоригт 141, Н.Баасанжав 105, Н.Ариунболд 9 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Б.Өнөмөнх, Ж.Батзоригт  нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 383 төлөөлөгч оролцсноос Б.Өнөмөнх 196 санал (51.1%) авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн