НИЙТЭД ТУСЛАХ “ХАЛУУН ЗҮРХ”-ТЭЙ БАЙХЫГ ХУУЛЬЧДАД УРИАЛЛАА

2019-10-09 | Уншсан: 1103

   Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо хамтран 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны олон улсын туршлага” сэдэвт чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

   Чуулга уулзалтыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хуульчийн нийтэд тустай үнэ төлбөргүй үйл ажиллагаа буюу про боно гэдэг нь ялгаатай байдлаасаа болж өөрийн эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа нийгмийн бүлгийн эрхийг хамгаалах, тэдгээрт хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар хууль дээдэлсэн, иргэний, ардчилсан, шударга нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Дан ганц хуульчид гэхгүй хуулийн байгууллагуудын оролцоо мөн адил чухал бөгөөд үндсэн ажил, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө цаг заваа зарцуулж про боно буюу үнэ төлбөргүйгээр ажиллах нь чухал” гэдгийг онцолж байлаа.

  Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус чуулга уулзалт нь дотоод, гадаадын 150 орчим хуульч, төлөөлөгчид оролцож харилцан туршлага солилцсоноороо онцлогтой байв. Тодруулбал, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар БНСУ-ын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч И Чан Хи тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Эрхүү мужийн Өмгөөлөгчдийн тэнхимийн гишүүн өмгөөлөгч И.Фалеева, ОХУ-ын Буриад улсын Өмгөөлөгчдийн тэнхимийн тэргүүн Б.Ильюнов, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Соёл” өмгөөллийн газрын хуульч С.Оргил зэрэг гадаадын зочид төлөөлөгчид чуулга уулзалтад оролцож, хуульчдын про боно үйл ажиллагааны талаар өөрийн орны ололт амжилт, туршлагын талаар хуваалцсан юм.

   Чуулга уулзалтаар үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, “Про боно үйл ажиллагаанд хуулийн байгууллагын оролцоо” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, илтгэгчээр УЕПГ-ын сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, ЦЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Болд, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал, хуульч, өмгөөлөгч, “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн Т.Саруул, хуульч, өмгөөлөгч, “Иргэдийн эрх зүйн хамгаалалт төв”-ын тэргүүн О.Алтангэрэл, хуульч, өмгөөлөгч, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн В.Баттулга нар оролцсон бол “Про Боно үйл ажиллагааны олон улсын туршлага” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, өмгөөлөгч, ХНТМҮАЭХ-ны гишүүн З.Алтангэрэл, илтгэгчээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Соёл” өмгөөллийн газрын хуульч С.Оргил, БНСУ-ын Хуульчдын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн Пилл Кю Хванг, ОХУ-ын Эрхүү мужийн Өмгөөлөгчдийн тэнхимийн гишүүн өмгөөлөгч И.Фалеева, ОХУ-ын Буриад улсын Өмгөөлөгчдийн тэнхимийн тэргүүн Б.Ильюнов, МУИС-ийн ХЗС-ийн практик сургалтын төвийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан, хуульч, өмгөөлөгч, сургагч багш О.Чулуунцэцэг нар оролцож санал солилцсон.

   Харин “Про боно үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах нь” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр өмгөөллийн “Заяа энд Золоо” нөхөрлөлийн захирал Г.Батзаяа, илтгэгчээр  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга, хуульч, “Эм Ди Эс ХаанЛекс” нөхөрлөлийн удирдах гишүүн Ж.Майзориг, Мэдээллийн технологийн зөвлөх Д.Соёл-Эрдэнэ, Өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” нөхөрлөлийн партнер, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, “Диди Лекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золзаяа нар тус тус оролцлоо.

   Чуулга уулзалтад оролцсон дөрвөн улсын хуульчдын про боно үйл ажиллагаа нь тухайн улсаасаа хамаараад өөр өөрийн онцлогтой байгааг, хуулийн байгууллагууд нийтэд тустай аян, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ололт амжилтууд цөөнгүй байгааг, манай улс про боно үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж буй байдал Ази тивдээ тэргүүлж байгаа зэргийг чиглүүлэгчид тус тус онцлон дүгнэж байсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны ХНТМҮАЭХ-ны тэргүүн Л.Энхсайхан “Про боно үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах нь” хэлэлцүүлэг сонирхол татсаныг дурдаад, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах "халуун зүрх"-тэй байхыг нийт хуульчдад уриалж чуулга уулзалтыг өндөрлүүлсэн юм.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн