“ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ”, “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-10-08 | Уншсан: 745

   Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Монголын Хуульчдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хүйсийн тэгш эрх төв ТББ хамтран “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

   Тус сургалтыг хуульчдыг чадавхжуулах ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчдын чадвар, мэдлэгийг нэмэгдүүлж, түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар хуульчдад мэдээлэл өгөх, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хуульчдыг мэргэшүүлэх зорилготой байсан юм.

   Сургалтын нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ХЭЗХАГ-ын дарга А.Энхбаатар, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах нар оролцож, үг хэлсэн бөгөөд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого болоод хуулийг хэрэгжүүлэх, тус гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийн хүчирхийлэл, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэхэд мэргэжлийн холбоо болон хуулийн байгууллагууд нэгдэж, хамтран ажиллах нь чухал бөгөөд дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хуульчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, тэдний мэдлэг ур чадварыг тогтмол дээшлүүлэх нь чухал байгааг онцолж байлаа.

   Сургалтын хүрээнд “Жендерийн тухай үндсэн ойлголт, жендерийн ялгаварлан гадуурхалт ба жендерт суурилсан хүчирхийлэл” сэдвээр ХТЭТ-ийн Тэргүүн Г.Ганбаясгах, “Бэлгийн халдашгүй байдал: Европын хууль эрх зүйн орчин, хэрэгжилт хүний эрхийн олон улсын хэм хэмжээ” сэдвээр Монголын Эмнести интернэшнэйлийн захирал Б.Алтантуяа, “Хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, ижил төрлийн гэмт хэргээс ялгагдах шинж”, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг олж тогтоох” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн  Цагдаагийн сургуулийн сургалтын арга зүйч Г.Амаржаргал, “Хүн худалдаалахтай холбоотой эрүүгийн хэргийг өмгөөлөхөд тулгарч буй бэрхшээл” сэдвээр Хуульч, өмгөөлөгч С.Дондов, “Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эрх зүйн хамгаалалт, ижил төрлийн гэмт хэргээс ялгагдах шинж” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Чинбилиг, “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд илрэх шинж тэмдэг, Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд учирч буй сэтгэл зүйн эмгэг, түүнийг оношлох арга зүй” сэдвээр Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, анагаах ухааны магистрант Н.Энхчимэг,  “Бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөнтэй холбоотой хэрэг хянан шалгах ажиллагааны явц дахь сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөр” сэдвээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг өмгөөлөхөд тулгарч буй бэрхшээл” сэдвээр Хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариа нар тус тус хичээл заасан. 

   Сургалтад нийслэл, 21 аймгийн нийт 165 хуульч хамрагдсан бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 2 багц цаг тооцож, гэрчилгээ гардуулав.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн