ХАРААТ БУС ШҮҮХИЙН ТӨЛӨӨ ХУУЛЬЧИД ЖАГСЛАА

2019-08-30 | Уншсан: 241

   УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан “Хуульчдын нийгэмлэг ТББ-аас 2019 оны наймдугаар сарын 29-нд Хуульчдын талбайд зохион байгуулсан хуульчдын жагсаалыг Монголын Хуульчдын холбооноос дэмжин оролцлоо.

   Монголын Хуульчдын холбооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаж буй шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудад онцгойлон анхаарч, тухай бүр санал, шаардлагаа хүргүүлсээр байгаа билээ. Тодруулбал, Хуульчдын холбооноос “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Хараат бус, шударга шүүх” хэлэлцүүлгийг 2019 оны наймдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заавал тусгах шаардлагатай зарчмын санал, байр суурь дээр хуульчид 100 хувь санал нэгдэж, энэхүү саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Үүнд “Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчдийг томилох шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч батламжилдаг эрхтэй байх”, “Ерөнхийлөгч гагцхүү Үндсэн хуульд заасан үндэслэлээр батламжлахаас татгалздаг байх”, “Шүүхийн Ерөнхий зөвлөлийг улс төрийн байгууллага, субъектээс хараат бусаар байгуулах, гишүүдийн тоо, бүтэц, байгуулагдах журмыг Үндсэн хуульд тодорхой заах”, “Шүүгчийн хариуцлагын хороо, хорооны бүрэлдэхүүнийг зохицуулалтыг улс төрөөс хараат бусаар ажиллахаар тусгах” зэрэг зарчмын санал багтсан юм.

   Хуульчдын санал нэгдсэн энэхүү байр суурийг олон нийтэд мэдээлэх, Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах,  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хуульчдын холбоо тус хуульчдын цуглааныг дэмжин оролцсон бөгөөд цуглааны үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан “Хараат бус шүүх гэдэг бол ардчилсан нийгмийн гол тулгуур багана нь. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Гэтэл одоогийн зохицуулалтаараа шүүх эрх мэдэл хараат бус байж чадахгүй, нэг хүнээс хамааралтай байна. Тодруулбал, шүүгчийн томилгоо нь, шүүгчийг сонгон шалгаруулдаг Ерөнхий зөвлөл нь, Шүүхийн сахилгын хороо нь нэг хүнээс хамааралтай байна. Энэ тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр байгаа юм. Үүнийг бид залруулаач, залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндөж энэ цуглааныг дэмжсэн”  хэмээн онцолсон.

   Мөн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, УИХ-ын гишүүдийг зарчмын байр сууриа хадгалж, Монгол Улсын нийтлэг эрх ашиг, хүмүүнлэг ардчилсан үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллаасай хэмээн хуульчид уриалж байгааг дуулгасан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн