Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын 30 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2019 оны долдугаар сарын 31-нээс энэ сарын 1, 2-ны өдрүүдэд БНХАУ-д боллоо.

2019-08-07 | Уншсан: 301

Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгч нарын 30 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2019 оны долдугаар сарын 31-нээс энэ сарын 1, 2-ны өдрүүдэд БНХАУ-д боллоо. Чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал хариуцсан хорооны тэргүүн Н.Баасанжав нар оролцож Монголын Хуульчдын холбооны өнгөрсөн нэг жилийн хугацааны тайланг танилцуулсан юм.

 

      Энэ удаагийн уулзалтад нийт 19 холбооны Ерөнхийлөгч нар оролцсон бөгөөд оролцогчдод хүндэтгэл үзүүлэн БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Шюун Шуань Гуо хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь Азийн хуульчдын холбооны Ерөнхийлөгч Кристофер Леонг, Олон улсын Барын холбооны Ерөнхийлөгч Хорасио Бернардэс Нето нар оролцож, хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгчид ХонгКонгод 9 дэх долоо хоногтоо үргэлжилж буй олныг хамарсан үймээнд санаа зовниж буйгаа илэрхийлж, шударга ёс, хууль захирах ёсыг хамгаалах үүднээс хамтарсан мэдэгдэл гаргахаар болсон явдал байсан юм. Чуулга уулзалтын үеэр Бүх Хятадын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ванг Юунфенг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч хоёр байгууллага, гишүүн хуульчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжу хотод анх удаа зохион байгуулагдах Дэлхийн Хуульчдын форумд оролцох урилгыг гардуулж өгчээ.

        Мөн энэ удаагийн чуулга уулзалтаар 31 дэх удаагийн Чуулга уулзалтыг БНСУ-ын Сөүл хот, 32 дахь удаагийн чуулга уулзалтыг Сингапур, 33 дахь удаагийн чуулга уулзалтыг Малайз Улсад зохион байгуулахаар тогтсон юм. Ташрамд дурдахад, 1990 оноос хойш зохион байгуулагдаж буй Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын Чуулга уулзалт нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл, туршлага солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн