ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2019-07-01 | Уншсан: 250

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос Бүх гишүүдийн хурал, өдөрлөгийг зохион байгууллаа.

  Бүх гишүүдийн хурлаар хорооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлсний зэрэгцээ цахим сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан хуульч П.Баттулга, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Отгончимэг, С.Отгонтуяа, Ө.Эрдэнэ-Очир нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилсан. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Төрбат “Захиргааны эрх зүйн хорооны дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулсан бөгөөд гишүүдээс гаргасан саналуудыг тусгаж, дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг батлах асуудлыг цахим санал хураалтаар шийдвэрлэхээр тогтов. Түүнчлэн хуралд оролцогчдод Удирдлагын академийн багш, доктор (Dr.jur), дэд профессор Д.Сүнжид "Захиргааны эрх зүйн салбарын шинэлэг мэдээний тойм” сэдвээр мэдээлэл өгсөн нь өдөрлөгийн ач холбогдлыг нэмэгдүүллээ.

  Өдөрлөгийн үеэр Захиргааны эрх зүйн хорооны дэргэд шинээр байгуулагдаж буй “Хүүхдийн эрхийн дэд хороо", “Үнэт цаас, технологийн эрх зүйн дэд хороо”-ны танилцуулгыг хүргэсэн. Эдгээр дэд хороод нь Захиргааны эрх зүйн хорооны дэргэд байгуулагдаж байгаа ч бусад сайн дурын хороодтой зорилго, үйл ажиллагааны чиглэл нэгдэх асуудлаар хамтран ажиллах юм.

  Өдөрлөгийн хүндэт зочноор уригдсан Харвардын анагаахын сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, доктор Д.Ганмаа “Монголчуудын хоол шим тэжээлийн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын хэв маяг” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

   Хорооны бүх гишүүдийн хурал-өдөрлөгт оролцсон гишүүдэд хорооноос 2016-2018 онд зохион байгуулсан хэлэлцүүлгийн эмхэтгэлийг үнэгүй олгосны зэрэгцээ гишүүдийн дунд сугалаа явуулж нийт 8 азтан шалгаруулсан юм.

1. Хорооны тайлан ТАТАХ
2. Дүрмийн төсөл ТАТАХ
3. Шинээр батламжлагдсан гишүүдийн танилцуулга ТАТАХ
4. Шинээр байгуулагдсан Хүүхдийн эрх зүйн дэд хорооны танилцуулга ТАТАХ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн