УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-24 | Уншсан: 825

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажеев, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров нараар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

  Төлөөлөгчдийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнөөдөр (2019.06.24) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан болон Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл байлцсан юм.

   Уулзалтын үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Прокурорууд Монголын Хуульчдын холбоондоо гишүүнчлэлтэй байдаг бөгөөд Холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.  Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг болон сайн дурын хороодын дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр цөөнгүй прокурор ажиллаж байгаа. Жишээ нь, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын хорооны дарга нь прокурор хүн бий. Тиймээс бидний үйл ажиллагаа Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоогоор дамжин улам өргөжиж, прокуроруудыг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн. Түүнчлэн Монголын прокурорын байгууллагын анхны дүрмийг боловсруулахад Оросын хуульчдын хүчин зүтгэл их байсныг онцлон тэмдэглээд прокурорын байгууллагад ОХУ-д их, дээд сургууль төгссөн олон боловсон хүчин ажиллаж байгааг дуулгасан юм.

  Үүний дараа Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Б.Бат-Орших Монгол Улсын прокурорын байгууллагын талаар танилцуулга мэдээллийг хийж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн