ТУЛУЗИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ ДАГАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-14 | Уншсан: 328

   Бүгд Найрамдах Франц Улсын Тулузийн Их сургуулийн Хуулийн сургуулийн зочин төлөөлөгч Чарльз Даганийн хүсэлтээр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр (2019.06.14) түүнийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд талууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар товч танилцуулж, мэдээлэл өгсөн. Үүний дараа цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Чарльз Даганийн зүгээс хуульчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргаж, хамтран ажиллахаар боллоо. 

   Монголын Хуульчдын холбоо нь 2017 оны есдүгээр сарын 11-нд Францын хуульчдын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд харилцан туршлага солилцох, хуульчдыг сургах, хүний эрх болон бизнесийн эрх зүйн чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд тус Үндэсний зөвлөлөөс 2017 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Францын Бордо хотод зохион байгуулсан “Цахим эдийн засаг ба өмгөөлөгчдийн орон зай” сэдэвт олон улсын хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл амжилттай оролцсон билээ.

   Сонирхуулахад, Францын Тулузийн Их Сургууль нь анх 1229 онд байгуулагдсан бөгөөд Хуулийн болон улс төрийн шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль зэрэг зургаан салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн