“Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл: 300 асуултын хариулт” номын нээлт боллоо

2019-05-30 | Уншсан: 339

   Монголын Хуульчдын холбооны сургагч багш, өмгөөлөгч В.Энхтамирын “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл:300 асуултын хариулт” номын нээлт, танилцуулга өнөөдөр (2019.05.30) “Хуульчдын танхим”-д боллоо.

   Номын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож, баяр хүргэсэн бөгөөд тэрбээр “Газрын харилцааны асуудлаар мэргэшсэн боловсон хүчин, хуульч бэлтгэгдсэнд баяртай байна. Мөн энэ мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, ном болгон хэвлүүлсэнд баярлалаа” хэмээгээд цаашдын ажилд нь амжилт хүссэн.

   Энэхүү номоос иргэдийн хамгийн их түгээмэл асууж сонирхдог газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээлэл тухайлбал, газрын кадастр,  газрын маргаан, газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, газрын болон барилгын зөвшөөрөл зэрэгтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг хялбар олж авах боломжтой юм.

   Зохиогч өөрийн 18 жилийн ажил, хөдөлмөрийн туршлагад тулгуурлан газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд оролцогч иргэдийн эрх зүйн боловсролд зориулан энэхүү бүтээлийг туурвисан бөгөөд газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн салбарыг "авилга, хүнд суртал"-аас ангид байлгахад ихээхэн хувь нэмэр болох бүтээл гэдгийг онцолж байсан.

   Танилцуулга, нээлтийн үеэр зохиогч өөрийн ном бүтээлийн дээжээс болон хувийн цуглуулгад байсан хууль зүйн зарим ховор ном бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд хуульч, судлаачдын хэрэгцээнд зориулан хандивласан юм.

   Дөрөв дэх удаагаа нэмж шинэчлэгдэн иргэд, хуульчдын гар дээр очиж байгаа энэхүү бүтээл “Интерном”, “Мир”, “Аз хур”, УИД-ын номын дэлгүүр болон Хууль зүйн хүрээлэнгийн номын дэлгүүрт 20000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн