“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-05-16 | Уншсан: 1245

   Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт онол-практикийн хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхан нар нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрхэн үр дүнтэй явуулах, цаашлаад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч, хууль тогтоох байгууллагад холбогдох саналыг хүргүүлэх болно гэдгийг уламжилсан.

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан хэлсэн үгэндээ “Хэдийгээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульчдын ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл бага учруулах, цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй ч нөгөө талдаа ял завших, хорих ялаас мултрах, хилсээр ял эдлүүлэх зэрэг бодит боломжийг агуулж хүний эрхийн эрх тэгш, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, Эрүүгийн хууль дахь шударга ёс, гэм буруугийн зарчим алдагдаж улмаар нийгмийн шударга ёсны ойлголт гажуудах, хуульчид, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл үгүй болох зэрэг сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй” гэдгийг онцолж байсан юм.  Мөн "Ямар хүрээнд, ямар нөхцөлд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах вэ гэдгийг нийгмийн хөгжил, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нарийн тодорхойлж зохицуулах нь юу юунаас илүү чухал” гэдгийг хэлсэн.

    Хэлэлцүүлгийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор,  Мониторингийн хэлтсийн дарга  Б.Бат-Орших "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилт, анхаарах асуудал", Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал", Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд учирч буй саад бэрхшээл", Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Ганболд "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба өмгөөлөл", Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг "Эрүүгийн процессын хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудал"  сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 90 гаруй хуульч оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн үеэр хуульч, эрдэмтэн, судлаачдаас гаргасан санал, санаачилгыг тусган зөвлөмж гарган, холбогдох байгууллагад хүргүүлэх юм.

 

   ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШУУД БИЧЛЭГИЙГ ЭНД1, ЭНД2 ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн