ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БОЛЖ БАЙНА

2019-05-16 | Уншсан: 827

    Монголын Хуульчдын холбоо, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо, Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран өнөөдөр (2019.05.16) Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд зохион байгуулж байна.

     Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг олон улсын туршлага, жишигт нийцүүлэн Монгол Улсад анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, МУИС-ийн ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган, “ДиБи энд ЖиТиЭс” ХХН-ийн гүйцэтгэх захирал Д.Золжаргал нар оролцож, үг хэлсэн.

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хууль зүйн их, дээд сургуулиудыг жилд дунджаар 1300-1600 гаруй хүн эрх зүйч мэргэжлээр төгсдөг байна. Түүнчлэн жил бүр 1000-1300 эрх зүйч Хуульчийн мэргэжлийн шалгалт өгч, үүнээс 200 гаруй нь тэнцэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авдаг. Тодруулбал, 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1143 эрх зүйч орсноос 240 нь тэнцэж хуульч болсон байна. Энэхүү тоон мэдээллээс үзвэл, жил бүр 1000 гаруй эрх зүйч, 200 гаруй залуу хуульч шинээр ажлын байр хайж, хаана яаж хандах, хуулийн аль чиглэлээр мэргэших гэх мэт олон бэрхшээлтэй тулгардаг ажээ. Тиймээс хуулийн сургуулиудын төгсөх курсын оюутнууд, залуу хуульч, эрх зүйчдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, эрх зүйч мэргэжлээр төгсөж буй төгсөгчдөд санал болгож буй ажлын байр, тэдгээрийн онцлог, тавигдах үндсэн шаардлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор энэхүү хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулжээ.  

  Тус үзэсгэлэн яармагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөллийн нөхөрлөлүүд, арилжааны банкууд, томоохон групп, компаниуд, хууль зүйн салбарын зарим байгууллага болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцож байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн