ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ ЗҮЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-05-13 | Уншсан: 121

   Өнөөдөр Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, Монголын Хуульчдын холбоонд албан ёсоор бүртгүүлсэн 5684 хуульч байгаа бөгөөд үүний 502 нь шүүгч, 526 нь прокурор, 2169 нь өмгөөлөгч, 2487 нь бусад хуульч байна.

   Бусдын жаргал зовлонг хуваалцаж сэтгэл зүйн хувьд хүнд нөхцөлд ажилладаг “нийгмийн эмч”-ийн ажлын онцлог шинж нь тэдний эрүүл мэнд, сэтгэл зүй, хувийн амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай, мөн хуульчийн хувьд зайлшгүй авах ёстой ямар төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ байх шаардлагатай талаар ямар нэг судалгаа хийгдэж байгаагүйгээс харахад бид өнөөг хүртэл “нийгмийн эмч”-ийнхээ эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулалгүй иржээ гэх дүгнэлтэд хүргэж байна.

   Иймд хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тандан судлах, хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг хамгаалах арга хэлбэрийг тогтоох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, түүнчлэн хуульчдыг эрүүл мэнд, сэтгэл зүйн үзлэг, оношилгоонд хамруулах нэгдсэн арга хэмжээ авах зэрэг асуудлыг судлах хэрэгцээ шаардлага нэгэнт үүсжээ. Мөн хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд хийх судалгааны үр дүн, түүнд суурилсан зөвлөмжийг ажил олгогч нарт хүргүүлэх замаар хуульчдын эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах шаардлага байна.

    Тиймээс юуны өмнө хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн бодит нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж тогтоох, улмаар нэгдсэн үзлэг, оношилгоонд хамруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг тодорхойлох зорилгоор тандалт судалгааг хуульчдын дунд явуулж байна.

    Хуульчид Та бүхэн энэхүү тандалт судалгааг 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн дотор бөглөж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү. 

   Энэхүү тандалт судалгааны үр дүнд суурилан хуульчдын эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг анхан шатны түвшинд тогтоож, улмаар хуульчдыг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн нэгдсэн үзлэг, оношилгоо, сэтгэл заслын үйлчилгээ, сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмж гаргах болно. 

   Хуульч Та ЭНД дарж судалгаанд хамрагдана уу!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн