МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД ГААГ ДАХЬ ОЛОН УЛСЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019-05-07 | Уншсан: 960

   Монголын Хуульчдын холбоо нь Гадаад харилцааны яам, Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонгийн дэмжлэгтэйгээр Нидерландын Вант Улсын Гааг хотноо байрлах Олон Улсын хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах айлчлалыг 2019 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн санаачилгаар зохион байгуулсан тус айлчлалд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Сургалтын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Ариунаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин, Өмгөөлөгч Б.Мөнхзул, Ш.Базаррагчаа, Б.Батмөнх, ХААН банкны ахлах хуулийн зөвлөх М.Мөнхбаатар, хуульч, орчуулагч М.Алтантулга, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн туслах С.Шинэбаяр нарын 14 хуульч хамрагдсан. Тэд “Олон улсын Прокуроруудын холбоо”, “Гаагийн олон улсын эрх зүйн академи”, “Арбитрын байнгын шүүх”, “Олон улсын шүүх”, “Олон улсын эрүүгийн шүүх”, “Гаагийн олон улсын хувийн эрх зүйн конференц”, Олон улсын хуульчдын холбоо” зэрэг долоон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан юм.  

   Олон Улсын Прокурорын холбоо /International Association of Prosecutors/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хан Морал болон гүйцэтгэх захирал хатагтай Жанне Холст Хабнер нар төлөөлөгчдийг угтан авч үйл ажиллагаа танилцуулсан. Энэхүү холбоо нь нийт 5 үндсэн ажилтантай ч бусад гишүүн улс яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж байгаа эсэхэд бүрэн дүүрэн хяналт тавьж ажилладаг байна. Мөн сургалт, мэргэжил дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг эрхэмлэдэг ажээ. Монгол Улс хэдийгээр Олон улсын Прокурорын байгууллагын гишүүн орон болоогүй ч хүсвэл “Прокурорын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан харилцах, туршлага солилцох бүрэн боломжтой гэдгийг дурдсан.

   “Гаагийн Олон Улсын Эрх зүйн академи” /The Hague Academy of International Law/-ийн Ерөнхий нарийн бичгийн дэд дарга хатагтай Моникю Легерман нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулсан. Тус байгууллага нь 1914 онд байгуулагдсан бөгөөд гол зорилго нь сургалтыг өргөн цар хүрээтэй зохион байгуулах ажээ. Тус академи нь 25 км үргэлжлэх дэлхийн хамгийн том хуулийн номын сантай бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн профессорууд ирж лекц уншдаг байна. Нэр хүнд бүхий тус номын сангийн гишүүнчлэлийн эрхийг зөвхөн өөрийн биеэр ирж нээлгэх бөгөөд нэгэнт эрх нээлгэсэн тохиолдолд дэлхийн хаанаас ч холбогдож, хуулийн салбарын асар өргөн сонголт бүхий ном, сэтгүүл, сургалтын материалаар хангагдаж, мэргэжлийн ур чадвараа ахиулах боломж нээлттэй юм.

    “Арбитрын байнгын шүүх” /Permanent Court of Arbitration/-ийн Эрх зүйн ахлах зөвлөх ноён Гарт Шофилд зочдыг хүлээн авч уулзаад өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан. Тус шүүх нь Засгийн газар болон хуулийн байгууллагатай холбоотой маргааныг ихэвчлэн шийдвэрлэдгээрээ бусад шүүхээс ялгаатай аж. Төв оффисс нь Гааг хотод байрладаг боловч арбитрын хэрэг, маргааны шүүх хурал болж буй газарт нь зохион байгуулдаг байна. Одоогоор дэлхийн 122 улс Арбитрын байнгын шүүхэд нэгдэн ороод байгаа бөгөөд Монгол Улс нэгдэн орсноор арбитрчдыг сонгох, нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох юм.

   “Олон Улсын эрүүгийн шүүх” /International Criminal Court/-ийн Ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Матиас Хэлман, Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн захирал Кристиан Махр, Тамгын газрын Өмгөөлөгчдийг дэмжих албаны захирал Эстэбан Пералта нар Монголын Хуульчдын холбооны гишүүдийг хүлээн авч уулзсан. 2011 онд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхий шүүгч нь БНСУ-ын шүүгч байсан бөгөөд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсныг уулзалтын үеэр дурдсан. ОУЭШ-ийн гишүүн болсноор  тухайн улс өөрийн хүсэл зорилго, байр суурийг бүрэн илэрхийлэх,  хууль зүйн хамгаалалтад орох, олон орны хууль шүүхийн байгууллагын процессод оролцох боломжтой байдаг ажээ. ОУЭШ нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг ноцтой гэмт хэрэг, зохион байгуулалттай дайралт хийх, зэвсэгт мөргөлдөөн гэх мэт хэргүүдийг шийдвэрлэдэг. Ирэх онд тус шүүхийн шүүгч солигдох бөгөөд Монгол Улс хуулийн дээд байгууллагад ажилладаг, гадаад хэлний шалгуур хангасан, шүүн таслах ажлын туршлагатай хүнийг Засгийн газартаа санал оруулж, нэр дэвшүүлэх эрхтэйг дуулгаж байсан. Түүнчлэн дадлагажигч, зочин хуульчаар ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй гэдгийг уулзалтын үеэр дурдсан юм.

   “Олон Улсын шүүх” /International Court of Justice/-д хийсэн айлчлалын үеэр тус шүүхийн Мэдээлэл хариуцсан хэлтсийн захирал Абу Гарабет Монголын Хуульчдын холбооны гишүүдийг хүлээн авч сонирхолтой илтгэл тавьсан. Олон Улсын шүүхийн үндсэн чиг үүрэг нь олон улсын түвшинд зөрчилдөөнтэй хэрэг маргаануудыг шийдвэрлэж, НҮБ-ын байр суурийг илэрхийлсэн санал зөвлөмжийг гаргах бөгөөд тус шүүхээс гаргасан санал зөвлөмж, шийдвэрүүд нь олон улсын эрх зүйн эх сурвалж болдог. ICJ-д НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн зөвлөлөөс сонгогдсон 15 шүүгч 9 жилийн хугацаатай сонгогддог. Тус шүүх нь Нидерландын Гааг хотноо Энх тайвны ордонд байрладаг бөгөөд Нью Йорк хотод үйл ажиллагаа явуулдаггүй НҮБ-ын цорын ганц гол байгууллага нь юм.

    “Гаагийн олон улсын хувийн эрх зүйн конференц” /Hague Conference on Private International Law/-ийн Нэгдүгээр нарийн бичгийн дарга Хуао Рибейро Бидауи Монголын хуульчдыг хүлээн авч уулзсан. Гаагийн хувийн эрх зүйн танхимд шалгуур хангасан 84 улс гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Монгол Улс нь гишүүнээр хараахан элсээгүй. Гишүүн биш улс нь олон улсын гэрээ батлахад оролцох боломжгүй байдаг тул Монгол Улс нь гишүүн улсын шалгуураа хангаад конференцэд нэгдэн орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тус байгууллагаа нь судлаач болон дадлагажигч авч ажиллуулдаг бөгөөд гол нь сайн дурын ажилд идэвхтэй, гадаад хэлний шаардлага хангасан, судалгааны ажил хийж байсан туршлагатай байх хэрэгтэй ажээ. Жилд 2 удаа дадлагын ажилтан 3 сарын хугацаатайгаар сонгон шалгаруулж авдаг бөгөөд санхүүгийн туслалцаа олгох боломжгүй байдаг байна. Дадлагын ажилтанд гишүүн орон байхыг заавал шаарддаггүй гэв.

   “Олон Улсын хуульчдын холбоо” /International Bar Association/-ийн дарга Кэйт Орловский төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Гааг хотод байрлах ОУХХ нь шүүхийн үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд харин эрх ашгийг хамгаалахад хяналт тавин оролцдог байна. Мөн олон улсын байгууллагад ажиллаж байгаа хуульчдыг тусалж, дэмждэг байна. Энэхүү байгууллагаар дамжуулан Олон улсын эрүүгийн шүүхэд дадлага хийх бүрэн боломжтойг дурдсан. Мөн зочин профессороор дадлага хийх боломж нээлттэй ажээ. Олон улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллахын тулд 10-аас доошгүй жил өмгөөлөл хийсэн, англи, франц хэлтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг байна. Монгол Улсын хуульчид Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажиллах боломж нээлттэй байгааг дурдаад, ОУХХ нь зуучлахад таатай байх болно гэдгээ илэрхийлсэн.

    Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид нь эдгээр байгууллагуудтай холбогдоход Монголын Хуульчдын холбооноос дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн