НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МИШЕЛЬ ФОРСТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-05-03 | Уншсан: 402

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан өнөөдөр (2019.05.03) НҮБ-ын хүний эрхийн хамгаалагчдын тусгай илтгэгч, ноён Мишель Форстыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, дэд дарга Ш.Жолбарс нар байлцсан юм.

   Тусгай илтгэгч Мишель Форст нь тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл байдалтай танилцаж зөвлөмж гаргах бөгөөд Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах ажээ.

   Иймд тусгай илтгэгчийн зүгээс Монгол Улсын хуулийн байгууллагад ажил эрхлэгч болон хуульчдын эрх хэрхэн зөрчигддөг, үүнтэй яаж тэмцдэг талаар сонирхож, мэдээлэл авсан.

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан тус уулзалтын үеэр хуульчдын заавал судлах хичээлд хүний эрх сэдвийг оруулж өгснийг онцолж, Монголын Хуульчдын холбоо нь хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахын зэрэгцээ хуульчдыг про боно үйлчилгээ үзүүлэхийг уриалах, про боно соёлыг түгээх ажлыг эхлүүлээд байгааг дурдсан юм. Мөн өмгөөлөгчид аюул заналхийлэл байвал цагдаад хандах зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид байгааг хэлээд, 2013 онд үндэслэлгүйгээр чөлөөлсөн 13 шүүгчийн асуудлыг хөндөж танилцуулсан. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг чөлөөлөхөөр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан болоод үүсэж болох эрсдлийн талаар  ярилцсан. 

   Уулзалтын үр дүнд тусгай илтгэгч М.Форстыг Монгол Улсад байх хугацаанд нь хүний эрхийн талаар мэргэшсэн хуульчидтай уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.

   Хүний эрх хамгаалагчид гэж хүний эрхийн төлөө тэмцэгч хүн бүрийг ойлгох бөгөөд  М.Форст НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгчээр 2014 оноос ажиллаж байгаа ажээ. Тэрбээр өмнө нь Гаити Улсын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч, 1998 онд болсон Дэлхийн Хүний эрхийг хамгаалагчдын анхдугаар чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Хүний эрхийн үндэсний байгууллага, мөн Францын Эмнести интернэшнл байгууллагын Ерөнхий захирлын албан тушаал хашиж байжээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн