"Оюуны өмчийн эрх зүй” сэдэвт уулзалт, ярилцлага болов

2019-04-30 | Уншсан: 545

   Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хорооны “Залуу судлаач” клуб хамтран “Оюуны өмчийн эрх зүй” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалт, ярилцлагад Иргэний эрх зүйн хороо болон Захиргааны эрх зүйн хорооны гишүүн хуульчид болон патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцсон.

   Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй Патентийн тухай болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хуульч, патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй товч танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

   Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 2019 оны 03 дугаар сард БНСУ-д зохион байгуулсан “Оюуны өмчийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтын талаар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, доктор  Д.Цогт “Оюуны өмчийн шүүгчдийн форум”-ын тухай тус тус танилцууллаа.

   Уулзалт, ярилцлагын төгсгөлд Иргэний эрх зүйн хорооны дэргэдэх Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Анхдугаар хуралдаанаас Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны зохицуулагчаар хуульч, өмгөөлөгч Э.Болорчулууныг гишүүдийн 100 хувийн саналаар сонгож, тус дэд хорооны 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

  Оюуны өмчийн эрх зүйн дэд хороо нь Патентийн тухай болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хуульчдын дунд 2019 оны тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн