ТӨВ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-04-28 | Уншсан: 301

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны дөрөвддүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Төв аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг тайлагнах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан юм.

    2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим  зохицуулалт” сэдвээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж “Нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, үнийг  тодорхойлох, хүлээн авах, хүлээн авахаас татгалзах ажиллагаа” сэдвээр, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр “Хуульчийн илтгэх, ятган үнэмшүүлэх чадвар”, “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Төв аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй хуульч хамрагдсан.

   Мөн сургалтын үеэр Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд орсон нэмэлт, өөрчлөлт болон Монголын Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн