“АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019-04-25 | Уншсан: 309

   Буриад Улсын Засгийн газар, Буриадын Улсын их сургууль, Буриад Улсын Дээд шүүх, Буриад улсын Арбитрын Шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургууль, Хятадын Харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын Улс төр, хууль зүйн их сургуулийн Харьцуулсан эрх зүйн институт хамтран “Ази-Номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 10 дахь удаагийн олон улсын залуучуудын онол-практикийн хэлэлцүүлгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

   Хэлэлцүүлэгт Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн В.Удвал, З.Алтангэрэл, тус холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Бат-Отгон, өмгөөлөгч Ц.Энхцэнгэл, МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Гантөмөр, Х.Болормаа, Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Аригун, Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийн оюутан А.Билгүүн, И.Халиунаа нар амжилттай оролцоод ирлээ.

   МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Гантөмөр “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудлууд” сэдвээр, МУИС-ийн ХЗС-ийн багш Х.Болормаа “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн эрүүгийн хууль, гэмт хэргийн асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцсон.

   “Олон улсын харилцаа болон олон улсын эрх зүй” хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл, өмгөөлөгч Ц.Энхцэнгэл нар, “Харьцуулсан эрх зүйн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, шүүх эмнэлгийн асуудлууд: Ази-Номхон далайн бүсийн улсуудын хууль сахиулах байгууллагууд” хэлэлцүүлэгт Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Бат-Отгон шүүгчээр оролцсон юм.  Мөн Санхүү эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийн оюутан А.Билгүүн, И.Халиунаа нар “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн иргэний хуулийн асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.

   Буриадын Их сургуулийн захирал Эльвира Раднаева хэлэлцүүлгийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Монголын Хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашид нягт хамтран ажиллах болно” гэдгээ бататган хэлсэн юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн