“MOCK TRIAL” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ ШАЛГАРЛАА

2019-04-08 | Уншсан: 2340

   Монголын Хуульчдын холбооноос “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын мэтгэлцээн гэсэн дөрвөн төрлөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүхийн байранд 2019 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр явагдсан юм.

   Тэмцээнд МУИС, “Их засаг”, “Шихихутуг” “Отгонтэнгэр”, “Орхон”, “Улаанбаатар”, “Билиг”, “Түшээ”, Хууль сахиулахын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Ховд их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Олон улс судлалын дээд сургууль зэрэг 13 их, дээд сургуулийн 35 баг оролцож, ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн.

   Үүнээс Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд нийт 11 баг оролцсоноос О.Батсүх багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байрт, Х.Эрдэм-Ундрах багштай МУИС-ийн ХЗС-ийн баг дэд байрт шалгарлаа.

   Иргэний хэргийн мэтгэлцээнд нийт 10 баг мэтгэлцсэнээс М.Хатанзориг багштай “Шихихутуг” их сургуулийн баг тэргүүн байр,  А.Батбаатар багштай “Их засаг” Олон улсын их сургуулийн баг дэд байр эзэлсэн.

   Захиргааны хэргийн мэтгэлцээнд нийт 9 сургууль оролцсоноос Э.Мөнхдаваа багштай МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байрт, С.Эрдэнэболор, Н.Эрдэнэбаяр багштай “Отгонтэнгэр” их сургуулийн баг дэд байрт тус тус шалгарсан юм.

   Энэхүү тэмцээн нь жил бүр хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд энэ жил оюутнуудыг арбитрын хэргийн мэтгэлцээнээр өрсөлдөх боломжийг олгосноороо онцлог байсан. Арбитрын хэргийн мэтгэлцээнд 5 сургуулийн баг оролцсоноос М.Сувд багштай “Отгонтэнгэр” их сургуулийн баг тэргүүн байр, С.Должин багштай МУИС-ийн ХЗС-ийн баг дэд байр эзэллээ.

   Мөн энэ жилийн тэмцээний нэг онцлог нь тэмцээнд оролцсон бүх сургуулийн амжилт үзүүлсэн байдлыг нь онооны системээр үнэлж, шилдэг сургуулийг шалгаруулж цом олгосон бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль гурван төрөлд амжилт үзүүлж, аваргаар шалгарлаа.

   “Мок траил-2019” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр зэрэг байгууллага хамтран ажилласан бөгөөд энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан эдгээр байгууллага, хамт олонд болон “Мок траил” тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан тэмцээнийг шүүсэн шүүгчид, арбитрчид, тэмцээнд оролцсон бүх хууль зүйн их, дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье!

ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн