Гишүүний гэрчилгээгээ хүлээн авлаа

2019-04-03 | Уншсан: 314

   Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо/LAWASIA/ -ны тэргүүлэх гишүүнээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр элсээд байсан. Өнөөдөр Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос Монголын Хуульчдын холбоо гишүүний гэрчилгээгээ хүлээн авлаа.

   Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь 1966 оны наймдугаар сарын 10-ны өдөр 17 улсын төлөөлөлтэй албан ёсоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 40 гаруй улс, эрх зүйн тогтолцооны төлөөллийг багтаасан бүс нутгийн тэргүүлэх байгууллага болж чадсан байна. Нийт 44 хуульчдын байгууллага гишүүнчлэлтэй байдгаас 32 нь тэргүүлэх байгууллага бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь 33 дахь тэргүүлэх байгууллагаар бүртгэгдсэн билээ.

  Тус байгууллагын гишүүн болсноор бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, эдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй үнээр оролцох, илтгэл тавих, бусад арга хэмжээнд хамрагдах зэрэг давуу талтай юм.

   Сонирхуулахад, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Камбожи улсын Сием Реап хотод зохион байгуулсан Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож, тус холбооны дэд ерөнхийлөгчийг сонгох сонгуульд оролцон тэргүүлэх гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлсэн юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн