“Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт боллоо

2019-02-28 | Уншсан: 324

    Шүүх эрх мэдлийн тогтолцоон дахь мэргэшсэн, чадварлаг хуульчид Монгол Улсын эрх зүйт төрийг бэхжүүлж, ардчилал, эдийн засгийн өсөлтийг дэмждэг бөгөөд нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр хууль тогтоомж ч мөн адил хурдацтай шинэчлэгдэж байна. Эдгээр өөрчлөлтийг соргогоор мэдэрч, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллах чадвартай шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдыг бэлтгэх нь чухал билээ. Тиймээс Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

    Төслийн нээлт өнөөдөр /2019.02.28/ “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болсон бөгөөд нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Марк Кэйниг, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, УЕП-ын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн захирал М.Гантулга болон Хууль зүйн яам, Хууль зүйн Үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

    Монголын залуу хуульчдыг чадавхжуулж, хуульчдын үргэлжилсэн сургалтын тогтсон загвартай болох зорилгоор хэрэгжүүлж буй тус төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төсөл нь шинээр томилогдож буй шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг бий болгох, бэхжүүлэх, залуу хуульчдад зориулсан дагалдан сургах буюу менторшипийн хөтөлбөртэй болох гэсэн үндсэн хоёр зорилтын хүрээнд явагдана. Тодруулбал, Азийн сан төслийн түншлэгч байгууллагуудтай хамтран залуу хуульчдын сургалтын хэрэгцээ, шаардлага, сургалтын агуулгад үнэлгээ хийж, үнэлгээнд үндэслэн сургалтын систем, агуулгыг шинэчилж, сургалтын шинэлэг арга техникийг нэвтрүүлэх юм. Ингэснээр сургалтын хөтөлбөрүүд суралцагсдын, ялангуяа шинэ хуульчдын ур чадвар, мэдлэг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй ажээ.  Үүний зэрэгцээ илүү туршлагатай, мэргэшсэн хуульчдаас шууд суралцах боломж олгох дагалдан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуу хуульч, шүүгч, прокурорууд ажилдаа түргэн зүгширч, гаргаж буй шийдвэртээ илтгэлтэй байх, эрхэлсэн ажлаа мэргэжлийн, ёс зүйтэй гүйцэтгэхэд туслах юм.

    Монголын Хуульчдын хуульчдын холбоо нь төслийн хүрээнд Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхийн тулд сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийлгэхээр зөвлөх ажиллуулах бөгөөд 2017-2018 онд зохион байгуулагдсан сургалтын үнэлгээний хуудсыг нэгтгэж, дүгнэлт гаргахын зэрэгцээ залуу хуульчдыг хамруулсан цуврал дугуй ширээний уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Түүнчлэн Хуульчдын холбооны Сургалтын хороонд бүртгэлтэй сургагч багш нартай уулзалт хийж, үргэлжилсэн сургалтын тогтолцоо, түүнийг хэрхэн сайжруулах талаар санал асуулга явуулах, хамтран ажилладаг байгууллага болон бусад олон улсын хуульч, өмгөөлөгч, барын холбооны туршлагыг судалж, Хуульчдын холбооны сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх юм.

    Мөн Азийн сангийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээрх сургалтын модулийн хүрээнд нэг багц цагийн хөтөлбөр боловсруулж, магадлан итгэмжлүүлэхийн зэрэгцээ хүн худалдаалах гэмт хэрэг болон үндэстэн дамнасан гэмт хэргийн асуудлаар видео сургалт бэлтгэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хууль, эрүү, иргэн, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрх зэрэг тэргүүлэх ач холбогдол бүхий сургалтын сэдвээр видео болон аудио хичээлийн агуулга боловсруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн