Хуульчийн мэргэжлийн үүргийн зөрчил гэмт хэрэг болох нь

2017-12-27 | Уншсан: 1542

Л.Галбаатар

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн

    2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд анх удаа хуульчийн мэргэжлийн үүрэг зөрчсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчийн зүгээс үйлдсэн хувь хүний нууц, хуульчийн мэргэжлийн нэр хүнд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой зүй бус үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

    Эндээс дараах асуулт урган гарч байна. Үүнд: 1/ Хуульчийн мэргэжлийн дүрмээр хориглосон үйлдэл ба Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон үйлдэлд ялгаа бий юу?, 2/ Хуульчийн мэргэжлийн дүрэм ба Эрүүгийн хуульд заасан хуульчийн зүй бус үйлдлийг хэрхэн ялгах вэ?, 3/ Хуульчийн зүй бус үйлдэлд Хуульчийн мэргэжлийн дүрэм ба Эрүүгийн хуулийн аль зохицуулалтаар хариуцлага тооцох вэ? /эсвэл, давхар хариуцлага хүлээлгэх үү?/

    Эдгээр асуултад хариулах замаар Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалтыг тодруулахыг зорилоо.

    Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дэх хуульч хувь хүний нууцыг задруулж болохгүй гэх зохицуулалт Хуульчийн мэргэжлийн дүрмийн холбогдох зүйл, хэсэгт нэгэн адил тусгагдсан. Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн дүрэмд “хуульч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална”, “хуульч нь үйлчлүүлэгчээс мэдээлэлтэй зөвшөөрөл өгсөн, агуулгаараа нууцад хамаарахгүй, олон нийтэд нэгэнт ил болсон эсхүл үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд зайлшгүй задруулах шаардлагатай мэдээллээс бусад үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно”, “хуульч нь үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээллийг задруулахаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээ авна” гэж тус тус заасан.[1]

    Мөн Эрүүгийн хуулийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд эдгээр үйлдлийг Хуульчийн мэргэжлийн дүрмийн холбогдох зүйл, хэсэгт нэгэн адил хориглосон. Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн дүрэмд “хуульч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно”, “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь түдгэлзсэн эсхүл хүчингүй болсон бол тухайн үйл ажиллагааг эрхлэх, хуульч нэрийг хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан.[2]

    Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, эсхүл прокурор өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан”, “прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Эдгээр үйлдлийг Хуульчийн мэргэжлийн дүрмийн холбогдох зүйл, хэсэгт нэгэн адил хориглосон. Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн дүрэмд “шүүгч нийгэм, улс төр, эдийн засагт үүссэн нөхцөл байдал эсхүл олон нийтийн дургүйцэл, шүүмжлэлд автаж хэрэг, маргааныг шийдвэрлэж болохгүй”, “прокурорын шийдвэр нь улс төр, хэвлэл мэдээлэл, олон нийтийн зэрэг аливаа дарамт, шахалт, ашиг сонирхлоос ангид байж зөвхөн хууль болон нотлох баримтад үндэслэсэн, ойлгомжтой байна”, “прокурор улс төр, нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдал эсхүл олон нийтийн дургүйцэл, шүүмжлэлд автаж шийдвэр гаргаж болохгүй”, “өмгөөлөгч Үндсэн хуулийн цэц, шүүх, арбитр эсхүл хэрэг, маргаан хянан шийдвэрлэх бусад байгууллагад үйл баримтын талаар худал мэдээлэл өгөх; нотлох баримтын агуулгыг гуйвуулан тайлбарлах, хуурамч нотлох баримтыг зориуд гаргаж өгөх; урьд нь өгсөн үйл баримтын талаарх мэдээлэл эсхүл нотлох баримт нь худал гэдгийг мэдсэн боловч энэ тухай зөвтгөх арга хэмжээ авахгүй байхыг тус тус хориглоно” гэж заасан.[3]

    Эндээс харахад, Хуульчийн мэргэжлийн дүрмээр хориглосон зарим үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон бөгөөд мэргэжлийн алдаа гаргасан хуульч гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй байна. Мөн Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн хуульчид хүлээлгэх хариуцлага ба Эрүүгийн хуульд заасан хариуцлага харилцан адилгүй байх тул дээр дурдсан эрсдэлээс сэргийлэхийн тулд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхой болгох буюу тайлбарлах шаардлага үүсч байна.

Д/д

Хариуцлагын төрөл

Хариуцлагын хэлбэр

1.1

1. Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн хуульчид хүлээлгэх хариуцлага

хаалттай болон нээлттэй сануулах;

1.2

шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

1.3

хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх;

1.4

хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох.

2.1

2. Эрүүгийн хуульд заасан хариуцлага

хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж

5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

2.2

1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах;

2.3

1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    Хуульчийн мэргэжлийн дүрэмд “хуульч гаргасан зөрчилдөө хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх нь энэ дүрмийн дагуу шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй”[4] гэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69.1-т “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Энэ нь хуульчийн гаргасан нэг зөрчилд Хуульчийн мэргэжлийн дүрэм ба Эрүүгийн хуулийн аль нэгийг бус, давхар хэрэглэн хариуцлага хүлээлгэх нөхцөлтэй болохыг харуулж байна.

    Нөгөө талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.9-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохыг хориглоно” гэж заасан тул Эрүүгийн хуулийг хэрэглэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасахын тулд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээс заавал хэрэглэх шаардлагатай юм.

    Гэхдээ дээр дурдсан эрсдэл, эргэлзээтэй байдал нь хуульчийн мэргэжлийн үүргээ биелүүлж буй хуульчид төдийлөн ач холбогдолгүй юм. Энэ нь Хуульчийн мэргэжлийн дүрмээ судлан хэрэгжүүлснээр ирээдүйн олон эрсдэлээс хуульчийг хамгаалах ач холбогдолтой болохыг тодорхой харуулж байна.

 

[1][1] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.5 дугаар зүйл, 9.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт

[2][2] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. 1.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

[3] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

[4] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. 20.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэг

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн