“Про-боно” хуульчид чууллаа

2017-12-08 | Уншсан: 575

            Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр “Про-боно” хуульчдын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

    “Про-боно”буюу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа нь хуульчдын сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ хөлсгүйгээр төлөөлөн хамгаалах зорилготой хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ болоод иргэний эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагаанаас бүрддэг байна.

    Тус уулзалтын үндсэн илтгэлийг Азийн Про-Боно хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, BABSEACLE ТББ-ын тэргүүн Брюс Ласки ““Про-Боно соёлыг түгээн  дэлгэрүүлэх нь буюу  дэлхийн чиг хандлага” сэдвээр тавьсан бол “Иргэдийн эрх зүйн боловсрол-хуульчдын оролцоо”, “Нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад хуульчдын оролцоо”, “Нийгмийн эмзэг бүлгүүдтэй ажиллахад хуульчдын оролцоо” сэдвийн хүрээнд дэд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

    Хуульчид нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд даасны дагуу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураар явуулах ёс зүйн үүрэгтэй бөгөөд уулзалтад оролцогчдын зүгээс Монгол Улсад хуульчдын дунд про боно хөдөлгөөн өрнүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг онцолж байлаа. Мөн “Про-боно” үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд  нийтийн төлөө өөрийнхөө мэдлэг оюун, цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх,  “Про-боно”  үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээр  газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ зэрэг  наад захын хуулийн мэдлэгтэй болно” гэдгийг хэлж байсан юм.

    Олон улсын “про-боно” туршлагатай танилцах, хуульчдын “про-боно” үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих арга замыг тодорхойлох зорилготой энэхүү чуулга уулзалтад 60 гаруй хуульч, өмгөөлөгч оролцсон.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн