МОНГОЛ УЛСЫН ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХООР БОЛЛОО

2017-09-13 | Уншсан: 950

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн урилгаар Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Паскаль Идү, Дэд Ерөнхийлөгч хатагтай Паскаль Модельски болон Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Европ болон олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Филипп-Анри Дютхайл нар 2017 оны есдүгээр сарын 11-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ.

    Айлчлалын хүрээнд Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Паскаль Идү болон Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд талууд харилцан туршлага солилцох, хуульчдыг сургах, хүний эрх болон бизнесийн эрх зүйн чиглэлд хамтран ажиллах юм.

    Мөн айлчлалын үеэр зочид Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор Т.Уранцэцэг, Улсын Ерөнхий Прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбат, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нартай уулзаж Франц болон Монгол Улсын хуульчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар санал солилцсон.

  Сонирхуулахад, Францын Хуульчдын Үндэсний зөвлөлөөс аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 60 улсын хуульчийн өмсгөлийн олон улсын үзэсгэлэнг гаргах бөгөөд Монгол Улсын шүүгчийн өмсгөл нь хэрэглэгдэхүүний хамт тус үзэсгэлэнд оролцохоор боллоо.

 

           ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн