Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын анхны суурь судалгааг хийжээ

2017-08-31 | Уншсан: 1421

    Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, “бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор анхны суурь судалгааг хийжээ.

    Энэхүү судалгааны ажлыг УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа удирдан явуулсан бөгөөд судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн хуралд өнөөдөр /2017.08.31/ Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо.  Хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Судалгааны дүнгээс таван жилийн дунджаар жилд 411 хүн амиа хорлосон байна.  2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байгаа аж.  Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгджээ.

    Судалгааны дүнгээс үзэхэд өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаад холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатайг судалгааны багийнхан онцолсон. Тиймээс судалгааны нэгдсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлсэн байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дунд зохион байгуулах, судалгааны тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа тул Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг удирдлага болгон мэдэгдэл бичиж хүргүүлээд байгаа аж. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн