У.Болдхүү: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулах нь үр дүнтэй

2017-05-09 | Уншсан: 951

    Монголын Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зохицуулагч, хуульч Ушаандарын Болдхүүтэй ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хэрэглээний голлох асуудлууд» сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаад ирсэн юм.

-Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заах сургагч багшаар бэлтгэгдээд иржээ. Таны хамрагдсан сургалт ямар онцлогтой байв?

-Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос санаачлан ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан хуульчдын мэргэшил дээшлүүлэх, сургагч багшаар бэлтгэх сургалтад хамрагдаад ирлээ. Энэ сургалт нь нэгдүгээрт, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх, орон нутагт үйл ажиллагаа гардаж явуулах салбар зохицуулагч нарыг хамруулж байгаагаараа онцлог байлаа. Хоёрдугаарт, салбар зохицуулагч нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах анхны орчин нөхцөлийг бүрдүүлж өглөө гэж харж байна. Энэ удаагийн сургалтаар ОХУ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэрхэн яаж зохион байгуулж байгаа болон тодорхой төрлийн гэмт хэрэг хэрэг дээр хэрхэн яаж ажилладагийг судалсан.

-Энэ сургалтаар Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо нь орон нутагт чиг үүргээ хэрэгжүүлэх сургагч багш нараа бэлтгэсэн гэж хэлж болох уу?

-Тийм ээ. Энэ сургалтаар дамжуулж 21 аймагт сургагч багш бэлтгэснээрээ Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо аймаг бүрт өөрийн гэсэн төлөөллийг бий болгож байна гэсэн үг. Ингэснээр Хуульчдын холбооны нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлэх ажилд манай салбар зохицуулагч нар оролцож, орон нутгийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг гардан зохион байгуулах боломж бүрдэж байна.

-ОХУ-ын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг юм байна?

-ОХУ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулахаар зорьж байгаа юм билээ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн байгууллагууд энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд байдаг аж. Өөрөөр хэлбэл, үндсэн шүүн таслах ажиллагааг явуулахын хажуугаар урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж, үндсэн чиг үүрэгтэй зэрэгцүүлэх нь үр дүн муутай байна гэж ОХУ дүгнэлт хийгээд энэ чиг үүргээ ТББ, олон нийтийн оролцоо руу түлхүү шилжүүлж байгаа юм байна.

-Тэгвэл манай улс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ямар бодлого, чиглэл баримталбал зүгээр гэж харсан бэ?

-Манайх дээр дурдсан зарчмыг хэрэгжүүлж, нэг стандартаар явбал илүү үр дүнтэй болно гэж харж байна. Бидний хамрагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хэрэглээний голлох асуудлууд» сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын хэмжээнд сургалтын нэг стандартыг бий болгож, энэ стандартын дагуу 21 аймгийн салбар зохицуулагч нар маань өөрийн орон нутагт иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Миний хувьд өмнө нь аймгийн Засаг даргын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шугамаар цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэтчилэн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байсан. Гэхдээ энэ байгууллагуудын үндсэн чиг үүргээс гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хүрч ажиллахад нөхцөл боломж, төсөв санхүү, хүн хүчний хувьд дутмаг байдаг нь ойлгомжтой байсан. Тодруулбал, цагдаа, шүүхийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар ард иргэдийн хамрагдалт хангалтгүй байдаг. Бид алдаа дутагдалаа засаж, ТББ байгууллагуудаар энэ ажлыг гүйцэтгүүлэх нь чухал гэж бодож байна. Үүнд манай Хуульчдын холбоо өөрсдийн сургагч багшаар дамжуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тодорхой төрлийн арга хэмжээнүүдэд оролцоод ажиллах боломж бүрдсэн гэж харж байгаа. Тиймээс энэ чиглэлд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл тодорхой хэмжээний ахиц дэвшил гаргаж, Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллах байх гэж найдаж байна.

-Таны хувьд Хуульчдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зохицуулагчаар ажилладаг. Сүхбаатар аймагт хэчнээн хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. Орон нутгийн хуульчид болон Хуульчдын холбооны хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөөд байна?

-Салбар зохицуулагчийн хувьд нэгдүгээрт, Сүхбаатар аймгийн хуульчдын эрх ашгийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Хоёрдугаарт, мэдээж хуульчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, туршлага судлах, солилцох ажилд түлхүү анхаарна гэж бодож байгаа. Гуравдугаарт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутагтаа зохион байгуулахад сургагч багшийн хувиар шүүгч, прокурор, өмгөөлөгч нартайгаа хамтран нэгдсэн томоохон хэмжээний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад хамтарсан баг байхаар зохицуулсан. Сүхбаатар аймгийн хувьд энэ хамтарсан багийг байгуулаад байгаа. Сүхбаатар аймгийн хуульчид энэ хамтарсан багийг чадавхжуулах тал дээр хамгийн эхний ээлжид анхаарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

-Хуульчдын холбооны зүгээс орон нутгийн хуульч нарт хандсан ямар үйл ажиллагааг зохион байгуулах нь чухал гэж үзэж байна вэ?

-Орон нутгийн хуульчид хамтран олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахад төсөв, санхүү байдаггүй. Тодорхой зорилтод бүлгэд чиглэж байгаа, хүрэх үр дүн нь тодорхой ажлууд дээр Хуульчдын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ бол 21 аймагт тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн