"Захиргааны ерөнхий хууль: үзэл баримтлал, хэрэглээ" номын товч агуулга

2017-05-04 | Уншсан: 1331

    

   Иргэн, хуулийн этгээд иргэний бүртгэл, хуулийн этгээдийн эсхүл эд хөрөнгийн бүртгэлээс эхлээд нийгмийн даатгалын шимтгэл татвар төлөх зэргээр эрх, үүргээ бодитой хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагатай зайлшгүй харилцах шаардлагатай болдог. Захиргааны байгууллага ба иргэн, хуулийн этгээд хоорондын харилцааг тухайлсан салбар хуулиар тодорхойлох бөгөөд  улмаар эдгээр  салбарын хуулиудын хувьд ерөнхий буюу суурь хууль нь Захиргааны ерөнхий хууль юм. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн билээ. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын үндэслэл, батлах журмыг нарийвчлан зохицуулсан юм.  Үүнээс гадна Захиргааны ерөнхий  хуулиар заасан сонсох ажиллагаа, сонгох боломж, төлөвлөлт, захиргааны шийдвэр гүйцэтгэл зэрэг шинэ нэр томьёоны  агуулга, хэрэглээний талаар тайлбарласан.  Уг харилцааны хоёр талын оролцогч болох нэг талаас захиргааны байгууллага, нөгөө талаас иргэн, хуулийн этгээдээс энэхүү хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хялбар, тодорхой болгохыг зорьж, онолын ойлголтыг дэлгэрүүлж, жишээгээр баяжуулсан болно.

 

 

Дугарын СҮНЖИД

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн.  Нутгийн удирдлагын сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1999 онд, ХБНГУ-ын Мьюнхен хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистрын зэрэг (LL.M) 2002 онд, “Тэгш эрхийн зарчмын хэрэгжилт, тухайлан ялгаварлан гадуурхалтыг хориглох зарчмын хэрэгжилтийг Герман болон Монгол улсын эрхзүйд харьцуулах нь” сэдвээр хууль зүйн докторын зэрэг 2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд хамгаалсан. 

    Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш, судлаач, өмгөөлөгч, төрийн  албан хаагч, төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, дотоодын болон олон улсын төслийн зөвлөх, зохицуулагчаар 18 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Нутгийн удирдлага, Хүний эрхийн чиглэлээр нийт 18 судалгааны ажилд оролцож, 35 эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах зургаан хуулийн ажлын  хэсэгт ажилласан.  Англи,  герман хэлтэй.

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн