“Эрх зүйн онол”, “Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй–Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй” номуудыг монгол хэл рүү хөрвүүлжээ

2017-05-01 | Уншсан: 803

    “Нийгэм, эрх зүйн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ, “Бүүх Паблишинг Энд Ложистикс” ХХК, Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН-ийнхөн хамтран Клаус Адомэйт, Сюзаннэ Хэньшэн нарын бүтээл “Эрх зүйн онол” болон Г.К.Шварц, М.Вандт нарын бүтээл “Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй – Зөрчлийн  улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй” бүтээлийг монгол хэл рүү хөрвүүлэн хэвлэжээ.

    Эдгээр бүтээлийг танилцуулах “Номын өдөрлөг” 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо. Өдөрлөгт “Эрх зүйн онол” номыг хянан тохиолдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр, “Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй–Зөрчлийн  улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй” номыг хянан тохиолдуулсан МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Энхзул, МУИС-ийн ХЗС-ийн захирал доктор Ж.Эрдэнэбулган, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Б.Амарсанаа, “Эрх зүйн онол” номыг орчуулсан МУИС-ийн ХЗС-ийн докторант  Г.Дөлгөөн болон хууль зүйн их, дээд сургуулийн багш, судлаачид оролцов.

    Клаус Адомэйт, Сюзаннэ Хэньшэн нарын бүтээл “Эрх зүйн онол” болон Г.К.Шварц, М.Вандт нарын бүтээл “Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй – Зөрчлийн  улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй”  сурах бичиг нь хууль зүйн сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадахуйц бүтээл болохыг өдөрлөгт оролцогчдын зүгээс илэрхийлэв. Эдгээр номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээс болон 7007-9339 дугаарт холбогдон худалдан авах боломжтой.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн