Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд “нуугдсан” зөрчлүүд

2017-01-18 | Уншсан: 698

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, хуульч Д.Оросоо


    УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь 14 бүлэг, 103 зүйлтэй. Энэ хуулийн төслийн  зүйл, заалтын бараг бүх хэсэгт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтаас ганц, нэг үг, үсгийн зөрүүгээр оржээ. Харин цөөн хэдэн зүйлийн нэмэлт, өөрчлөлт харагдана. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь голдуу Сонгуулийн хуульд нэг зүйлд багтаж байсан зүйлийг хоёр хэсэг заалт болгож салгах, үг үсэг нэмэх, зарим хоног, хугацаа өөрчлөх , нэр томьёо нэмж оруулах, 2016 оны сонгуулиар эргэлзээтэй ойлгогдож байсан зарим нэг зүйл, заалтыг тодотгож сайруулсан, үг, өгүүлбэрийг хооронд сольсон зэрэг зүйлс голлож байна. Тухайлбал,

    Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, 16.3-т “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно” гэж заасныг хуулийн төсөлд нэгтгэж 7.1-д “Сонгуулийг санал авах өдрөөс 150-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно”, мөн Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” гэсэн зүйлийн 129.1.5-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэснийг хоёр салгаж төслийн 34.1.4-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу”, 34.1.7-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг хуурамч” гэж, Сонгуулийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Нэр дэвшигч, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно” гэж заасан, үүнийг  хуулийн төслийн 74.3-д “Нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглоно. Үүнд төрийн улс төрийн албан хаагч хамаарахгүй” гэж оруулсан байна.

    Хуулийн төсөлд тусгасан эдгээр “нэмэлт, өөрчлөлт” нь бие даасан хуулийн төсөл боловсруулах замаар биш, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах боломжтой асуудал. Энэ хуулийн төсөл нь хэлбэрийн хувьд бие даасан хуулийн төсөл мэт боловч одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийг төслийн дийлэнх хэсэгт голлон хуулбарласан, агуулгын хувьд нэмэлт, өөрчлөлтийн хэмжээний, “хуулбар маяг”-ийн хуулийн төсөл юм. Монгол Улс 1993, 2012 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 1992, 2005, 2011 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, 1996 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, 2007 онд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг тус тус батлан мөрдөж ирсэн түүхтэй.

    Шат шатны төрийн сонгуулийг тус тусдаа бие даасан хуулиар зохицуулж ирсэн олон жилийн практикт дүн шинжилгээ хийж, төрийн бүх сонгууль хууль зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын адил тэгш зохицуулалт, баталгаан дор явагдах зарчмыг хангаж өмнөх сонгуулийн хуулиудыг нэгтгэж Монгол Улсын сонгуулийн  хуулийг 2015 онд батлан гаргасан нь сонгуулийн хууль тогтоомжийн хувьд томоохон дэвшил болсон юм. Хууль тогтоомжийн системтэй, нэгдмэл, тогтвортой байдлыг хангах явдал бол өнөөгийн УИХ-ын гол зорилт мөн. Монгол Улсын бүх шатны сонгууль адил тэгш эдийн засаг, хууль зүйн баталгаан дор явагдах учиртай.

    Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай бие даасан хуультай байхаар төсөл өргөн мэдүүлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийг бусад төрийн сонгуулиас ялгамжтай авч үзэж, төрийн сонгуулийн асуудалд адил тэгш бус, эдийн засаг, хууль зүйн баталгааны хувьд ялгаатай зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал,

1. Ерөнхийлөгчийн сонгуулийн жилд “улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт зохион байгуулах нь нээлттэй” болно. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-г хориглосон байдаг. Гэтэл өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр “улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах” гэснийг хасч 41.1.6-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-г хориглоно гэж заажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр бол “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах” нь чөлөөтэй, харин Сонгуулийн хуулиар УИХ, аймаг, нийслэл, сум, дүүрэгт бол энэ асуудал хуулиар хориотой болж үлдэж байна. Энэ бол зарчмын хувьд дэмжих төрийн бодлого биш, эрх зүйд шударга бусаар хандаж буй илрэл юм. Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёсны зарчмын хувьд төрийн бүх сонгууль адил тэгш хууль зүйн баталгаа, зохицуулалтын хүрээнд явагдах ёстой. Энэ нь Монгол Улсын иргэний хуулийн өмнө эрх тэгш байх, сонгох, сонгогдох үндсэн эрхийн асуудалтай ч холбогдоно.

2. Санал авах байрны “санал хураалтын дүнг гаргах 4 үзүүлэлт”-ийг үгүй хийв.

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.8-д “Санал авах байр санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана: 97.8.1.тухайн хэсэгт бүртгүүлсэн нийт сонгогчдын тоо, 97.8.2.санал өгсөн нийт сонгогчдын тоо, 97.8.3.нэр дэвшигч, бүрийн авсан хүчинтэй саналын тоо, 97.8.4.нэр дэвшигч, бүрийн авсан хүчингүй саналын тоо” гэж заасан. Энэ нь хуульд  зааснаар санал авах байрнаас санал хураалтын дүнг гаргах гол үзүүлэлт юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хураалтын дүнг гаргах эдгээр үзүүлэлтийг хасч хуулийн төслийг боловсруулжээ.

3. Ерөнхийлөгчийн “дахин сонгууль явуулах хоёр үндэслэл”-ийг хасав.

    Сонгуулийн тухай хуулийн 149.1-д “Хэсэгт дахин явагдсан санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал сонгууль хүчингүйд тооцогдож, дахин сонгууль явуулна”, 149.2-д “Сонгуулийн дүн гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан бол дахин сонгууль явуулна” гэж заажээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд одоо үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн дахин сонгууль явагдах бусад үндэслэлтэй холбоотой хэсгийг бүхэлд хасч төслийг бэлтгэсэн байна.

    Өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн цөөн хэдэн зүйл дээр дүн шинжилгээ хийж үзэхэд Монгол Улсын сонгуулийн хуулийн нэгдсэн тогтолцоо, тогтвортой байдлыг алдагдуулж, цаашид төрийн шат шатны сонгууль дахин бие даасан хуультай болох бодлого, зарчмыг санаачлан хэрэгжүүлж, улс төрийн сонгуульд харилцан адилгүй эдийн засаг, хууль зүйн баталгаа тогтоож, ялгамжтай эрх зүйн зохицуулалт хийж, санал хураалтын дүнг гаргах үзүүлэлтийг үгүй хийж, Ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулах бусад үндэслэлийг хасч байгаа нь сонгуулийн хууль тогтоомжийн хувьд ухралт болсон зөрчилтэй зүйл болжээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн