Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал: Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ба нийтийн ашиг сонирхол

2017-01-10 | Уншсан: 969

“Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлийн уралдаан - 2016

Л.Галбаатар

Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч

galbaatar@gmail.com, утас 88053478.

    Товч танилцуулга: Сүүлийн гурван жилийн статистикийн мэдээнээс харахад эвлэрүүлэн зуучлагчид гаргасан нийт өргөдлийн дунджаар 10%-ийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэж зохицуулсантай холбоотой байна. Гэвч хууль тогтоомжид “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхлыг хөндөх” гэдгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар зохицуулалтгүй тул тус асуудлыг шийдвэрлэх арга замыг энэ илтгэлээр тодорхойлсон бөгөөд Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэхийг зорилоо.

    Түлхүүр үг:   нийтийн ашиг сонирхол, бусдын хууль ёсны ашиг сонирхол, татгалзал.

    Оршил

    2014-2015 болон 2016 оны эхний хагас жилийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны статистик мэдээнээс харахад эвлэрүүлэн зуучлагчид гаргасан нийт өргөдлийн 5-11%-ийг хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2014 онд 6143 өргөдөл ирснээс 346 өргөдлийг буюу 5.6 хувийг[1], 2015 онд нийт 15122 өргөдөл ирснээс 1646 буюу 11 хувийг, 2016 оны эхний хагас жилд нийт 7420 өргөдлөөс 486 буюу 6.5 хувийг[2] тус тус хүлээн авахаас татгалзжээ.

    Ийнхүү шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд “хууль тогтоомжид заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд түүнээс татгалзах” нь эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг болгож заасантай холбоотой байна.[3]

    Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдлыг ямар хуульд заасан, түүнийг эвлэрүүлэн зуучлагч хэрхэн ойлгож хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Арбитрын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.[4]

    Энд дурдсан хуулиудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах асуудлыг зөвхөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд тусгайлан зохицуулсан гэж үзэх үндэстэй. Учир нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэж заажээ.

    Гэвч хууль тогтоомжид “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөх” гэдгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар зохицуулаагүй тул энэ илтгэлээр тус асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, улмаар Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэхийг зорилоо.

    Нэг. Эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах нь

    Эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч болно.[5] Ингэхдээ гуравдагч этгээдийг өөрийнх нь, түүнчлэн зуучлагч болон талуудын хүсэлт, зөвшөөрлөөр уг ажиллагаанд оролцуулж болно.[6] Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.[7] Эдгээр зохицуулалттай холбоотойгоор иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.[8]

Тэгвэл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон түүнийг хөндөх гэдэгт юуг ойлгох вэ?

    Холбогдох дүн шинжилгээ хийж үзэхэд, Иргэний хуульд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх асуудлыг тусгасан байна. Тодруулбал, Иргэний хуулийн дараах зүйлүүдэд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах шаардлагыг холбогдох хэлцэл, эрх үүргийн хүрээнд зохицуулсан гэж үзэх боломжтой байна.[9] Үүнд:

  1. зөвшөөрлөөр хийх хэлцэл /50 дугаар зүйл/;
  2. насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны иргэний бие дааж хийх хэлцэл /55 дугаар зүйл/;
  3. ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл /58 дугаар зүйл/;
  4. төлөөлөх бүрэн эрх /64, 65, 67, 68, 69, 70 дугаар зүйл/;
  5. эрх залгамжлал, эд хөрөнгийн өмчлөгч /81, 91, 104 дүгээр зүйл/;
  6. шаардах эрхээ шилжүүлэх, өр шилжих /123, 124 дүгээр зүйл/;
  7. бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх /150 дугаар зүйл/;
  8. бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх /узуфрукт/ /152 дугаар зүйл/;
  9. барьцааны зүйл, эрх /154, 155, 157, 158, 160 дугаар зүйл/;
  10. ипотек өмчлөгчид шилжих, ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл  /168, 170, 171, 172 дугаар зүйл/;
  11. дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах /176 дугаар зүйл/;
  12. эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцааны эрх /182 дугаар зүйл/;
  13. үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох /193 дугаар зүйл/;
  14. гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шаардах эрх, гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага /203, 210, 227 дугаар зүйл/;
  15. үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /235 дугаар зүйл/;
  16. худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол, худалдсан эд хөрөнгийг хадгалах үүрэг, эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа талын хүлээх үүрэг /252, 258 дугаар зүйл/;
  17. худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх /270, 271, 272 дугаар зүйл/;
  18. хөлслөн авсан эд хөрөнгийг шилжүүлэх, дамжуулан хөлслөх, доголдол /289, 290, 295, 297, 305 дугаар зүйл/;
  19. санхүүгийн түрээсийн гэрээнд гуравдагч этгээдийн эрх, үүрэг /316 дугаар зүйл/;
  20. аялал жуулчлалын гэрээ /371 дугаар зүйл/;
  21. тээвэрлэгчийн хариуцлага /393      дугаар зүйл/;
  22. хөрөнгө итгэмжлэх гэрээ /406 дугаар зүйл/;
  23. зуучлалын гэрээ /410 дугаар зүйл/;
  24. худалдааны төлөөлөгчид олгох нөхөн олговор /418 дугаар зүйл/;
  25. гэм  хорын даатгал, хариуцлагын даатгал /443, 444 дүгээр зүйл/.[10]

    Эндээс харахад, дээр дурдсан 25 төрлийн хэлцэл, үүргийн асуудлаарх маргааныг эвлэрүүлэн зуучлуулахаар өргөдөл гаргасан бол эвлэрүүлэн зуучлагч нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг нягтлан шалгах, тийнхүү хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээс татгалзаж, татгалзсан үндэслэлээ талууд болон зохигчид, шүүхэд бичгээр тайлбарлах шаардлагатай байна.[11]

    Үүний цаана эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээс үндэслэлгүйгээр татгалзах, үндэслэлээ бичгээр хангалтгүй тайлбарлах асуудал үүсч болох юм. Үүнийг тодруулахын тулд шүүхэд бичгээр тайлбарласан татгалзлын материалуудыг шинжлэн судлах, цаашид гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг хэрхэн нягтлан шалгах чадварыг эвлэрүүлэн зуучлагч нарт сургалтаар дамжуулан олгох шаардлага үүсч байна.

    Нөгөө талаар эвлэрүүлэн зуучлагчид тавих ёс зүйн нийтлэг шаардлагад эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг зогсоох талаар заасан бөгөөд ингэж зогсоогоогүй бол ёс зүйн зөрчил болно.[12] Ийм ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, шүүхийн тамгын газар шийдвэрлэнэ.[13]

    Энэ нь эвлэрүүлэн зуучлалын чанарыг хангахтай холбоотой бөгөөд Европын парламент болон зөвлөлийн 2008.05.21-ний 2008/52/EC тоот “Иргэний болон худалдааны хэрэгт эвлэрүүлэн зуучлал явуулах удирдамж”-ийн 4 дүгээр зүйлд эвлэрүүлэн зуучлагчдын ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилтээр дамжуулан эвлэрүүлэн зуучлалын үр өгөөж, чанарт хяналт тавих механизмыг бүрдүүлэх, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, давтан сургах нь чухал болохыг онцолсон байна.[14]

    Нөгөө талаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эвлэрлийн тухай яриа, тохиролцоо нь үр дүнгүй болох магадлалтай гэж зарим судлаач онцолжээ. Жишээ нь, иргэн А бусдаас мөнгө зээлсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өөрийн дүүтэй хамтран өмчилдөг орон сууцаа зээлийн өрөнд өгөхөөр санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд А нь дүүгээсээ заавал зөвшөөрөл авах ёстой. А-ийн хамтран өмчлөгч болох дүү нь зөвшөөрөөгүй нөхцөлд дээрх эвлэрэл хэрэгжих боломжгүй болно.[15] Тодруулбал, Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ. Мөн хуулийн 50.3, 54.5-т заасны дагуу хэлцэл хийх зөвшөөрөл өгсөн боловч түүнийгээ нотолсон баримтыг нөгөө талд өгөөгүй бол хэлцэл хийгч нөгөө тал хэлцлээс татгалзах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардлагатай бол тэрхүү зөвшөөрлийг зохих ёсоор авсан байх нь эвлэрэл зохих үр дүнтэй, бодитой хэрэгжихэд ач холбогдолтой байна. Эндээс үзвэл, эвлэрүүлэн зуучлалаар тохиролцсон зүйлс болон эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон эсэхийг тогтоож, үр дүнг илтгэдэг үндсэн шалгуур байж болохоор байна.[16]

    Хоёр. Эвлэрүүлэн зуучлалаар нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөс сэргийлэх нь

    Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журамд зааснаар эвлэрүүлэн зуучлал нь нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзана.[17] Зарим судлаачийн тэмдэглэснээр эвлэрүүлэн зуучлалын процесс ажиллагаанд зөвхөн гуравдагч этгээдээс тухайн ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс болон бусад харилцааг зохицуулсан атлаа “нийтийн ашиг сонирхлыг хөндөх” талаарх эрх зүйн ойлголт болон өөр ямар нэг зохицуулалт байхгүй, гэхдээ уг ойлголтод “талууд болон зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээнд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл нийгэмд харш, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харш үйлдлийн улмаас нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн байдал тусгагдсан байх”-ыг ойлгож болох юм.[18]

    Эндээс харахад эвлэрүүлэн зуучлалаар нийтийн ашиг сонирхлыг хөндөх тухай ойлголт дараах шинжтэй байна. Үүнд:

  • хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн;
  • нийгэмд харш, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харш үйлдэл;
  • үүний улмаас нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн.

    Иймд эвлэрүүлэн зуучлалаар нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх гэдэгт хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байхыг ойлгоно. Товчхондоо, талуудын байгуулах эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн байхыг нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх боломжтой юм.

    Жишээ нь, 1/ төлбөрт галт зэвсэг өгөх тухай зохигчдын эвлэрэл нь Галт зэвсгийн тухай хуульд заасан “сургалтад сууж гэрчилгээ аваагүй, хуульд заасан өмчлөх эрхгүй этгээдэд галт зэвсэг өгөхийг хориглох” зохицуулалттай нийцэхгүй тул уг эвлэрэл нь нийтийн ашиг сонирхлыг хөндөх юм. [19] Мөн 2/ хариуцагч төлөхөөр зөвшөөрсөн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч, Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул үүнд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээс татгалзаж, татгалзсан үндэслэлээ талууд болон зохигчид, шүүхэд бичгээр тайлбарлах шаардлагатай.

    Ийнхүү нийтийн ашиг сонирхлыг хөндөх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүй байх асуудлыг зарим улс хуульчилсан байна. Тухайлбал, Япон улсын иргэний хэрэг эвлэрүүлэн зуучлах тухай хуульд “тухайн хэргийн шинж чанар нь эвлэрүүлэн зуучлахад тохиромжгүй тохиолдолд, эс бол зохигч зүй бус зорилгоор эвлэрүүлэн зуучлуулах нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг дуусгавар болгож болно” гэж хуульчилсан байна.[20]

    Дээр дурдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахгүй байх асуудал нь ямар хэрэгт, хэзээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагатай болон шаардлагагүй талаарх зарчмын асуудалтай холбоотой юм. Зарим судлаачийн хувьд Үндсэн хуулийн асуудлууд, хүний үндсэн эрх, эрх чөлөө, суурь үнэт зүйлтэй холбоотой асуудлаар эвлэрүүлэх зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй буюу тийнхүү эвлэрүүлэн зуучлах нь тохиромжгүй гэж гадаадын тэмдэглэсэн нь бий.[21] Түүнчлэн дараах асуудлаарх маргаанд нийтийн ашиг сонирхол ихэвчлэн хөндөгдөх тухай тэмдэглэжээ. Үүнд:

  • газар, ус, агаарын асуудлаарх маргаан;
  • эрчим хүчний асуудлаарх маргаан;
  • нийгмийн үйлчилгээний асуудлаарх маргаан;
  • олон нийтийн хөрөнгө, санг ашиглах, хуваарилах асуудлаарх маргаан;
  • нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах асуудлаарх маргаан.[22]

    Эндээс үзэхэд, эвлэрүүлэн зуучлагчдын хувьд тэдгээрт ирсэн өргөдлүүдэд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулахаас татгалзах асуудал байгаа эсэхийг шалгах, эвлэрүүлэн зуучлалаар нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөс сэргийлэхийн тулд дээр дурдсан “нийтийн ашиг сонирхлыг хөндөх” гэх тодорхойлолт, нийтийн ашиг сонирхол хөндөгдөх маргааны төрлийг үйл ажиллагаандаа баримтлах нь арга зүйн ач холбогдолтой байна.

    Дүгнэлт, санал  

    Статистикийн мэдээнээс харахад эвлэрүүлэн зуучлагчид ирсэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буй тоо нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үнэ цэн, ач холбогдлын талаарх иргэдийн ойлголтод сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

    Иймд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах үндэслэл болох эвлэрүүлэн зуучлал гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхлыг хөндөхгүй байх зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх нь зүйтэй байна. Ингэснээр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс үндэслэлгүйгээр татгалзах, тийнхүү татгалзах үндэслэлээ бичгээр хангалтгүй тайлбарлах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.

    Энэ үндсэн дээр тус илтгэлд, эвлэрүүлэн зуучлалаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй хэлцэл, эрх зүйн харилцаа ба нийтийн ашиг сонирхлыг хангахтай холбоотой эрх зүйн асуудал, маргааны төрлийг тус тус тодорхойлсон.

    Үүнийг эвлэрүүлэн зуучлагчид үйл ажиллагаандаа баримтлах буюу ирсэн өргөдлүүдэд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулахаас татгалзах асуудал байгаа эсэхийг шалгах, татгалзсан бол үндэслэлээ хангалттай бичихэд арга зүйн ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Ном зүй

Эрх зүйн хэм хэмжээ:

  1. Иргэний хууль, 2002
  2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 2012
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002
  4. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам”
  5. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.07-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн зөрчлийг шалгах үйл ажиллагааны журам”
  6. Directive 2008/52/EC of the European Parliament and of the Council of 21 May 2008 on certain aspects of mediation in civil and commercial matters
  7. Civil Conciliation Act (Act No. 222 of June 9, 1951) of Japan

Судалгааны бүтээл:

  1. Kem Lowry. Mediation of Complex and Public Interest Cases: An Evaluation Report to the Judiciary. PCR Working Paper Series, Department of Urban and Regional Planning and Program on Conflict Resolution, 1989-1992. Manoa, HI: University of Hawaii.
  2. Robert Zeinemann. The Characterization of Public Sector Mediation. Spring, 2001, 24 Environs Envtl. L. & Pol'y J. 49
  3. Монгол Улсын Дээд шүүх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар. Улаанбаатар. 2007
  4. З.Сүхбаатар. Эвлэрлийн гэрээ, түүнд тавигдах шаардлага. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. Цуврал 6 (46). Улаанбаатар. 2013.
  5. Д.Гангабаатар. Гадаад орнуудын туршлага ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дагаврыг үнэлэх нь. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. Цуврал 6 (46). Улаанбаатар. 2013
  6. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014
  7. Ред. Д.Тунгалаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онол, арга зүйн тайлбар. Улаанбаатар. 2015
  8. Монгол Улсын шүүхийн 2015 оны болон 2016 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тайлан.

 


[1] Монгол Улсын шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлан. 211 дэх тал. https://docs.google.com/file/d/0B_PzuN_lqWeAbWN5Y2dVbHBKcXM/view

[2] Монгол Улсын шүүхийн 2016 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тайлан. 44 дэх тал

[3] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 14 дүгээр зүйлийн 14.2.1

[4] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 2 дугаар зүйлийн 2.1

[5] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 12 дугаар зүйлийн 12.1

[6] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 16 дугаар зүйлийн 16.1

[7] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 26 дугаар зүйлийн 26.4

[8] Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, 3 дугаар зүйлийн 3.4;

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам /Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/, 8 дугаар зүйлийн 8.1.2

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 42 дахь тал

[9] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 зүйлийн 741.4-т Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заасан тул Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгүүдэд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах шаардлагыг зохицуулсан байдлыг голлон харгалзлаа.

[10] Иргэний хууль. “Төрийн мэдээлэл”. 2002 он, №7

[11] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан үндэслэлээ талууд болон зохигчид, шүүхэд бичгээр тайлбарласан байна” гэж заасан.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 42 дахь тал

[12] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.07-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.13 дахь хэсэг.

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 25 дахь тал

[13] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.07-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн зөрчлийг шалгах үйл ажиллагааны журам”-ийн 1.2, 5.3 дахь хэсэг

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 25 дахь тал

[14] Directive 2008/52/EC of the European Parliament and of the Council of 21 May 2008 on certain aspects of mediation in civil and commercial matters http://eur-lex.europa.eu/legal-content/en/ALL/?uri=CELEX:32008L0052

[15] З.Сүхбаатар. Эвлэрлийн гэрээ, түүнд тавигдах шаардлага. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. Цуврал 6 (46). Улаанбаатар. 2013. 60 дахь тал.

[16] Д.Гангабаатар. Гадаад орнуудын туршлага ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дагаврыг үнэлэх нь. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. Цуврал 6 (46). Улаанбаатар. 2013. 65 дахь тал.

[17] Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2013.08.09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.2

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 42 дахь тал

[18] Ред. Д.Тунгалаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн онол, арга зүйн тайлбар. Улаанбаатар. 2015. 21 дэх тал

[19] Монгол Улсын Дээд шүүх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар. Улаанбаатар. 2007. 209 дэх тал

[20] Японы иргэний хэрэг эвлэрүүлэн зуучлах тухай хууль /албан бус орчуулга. Орчуулсан Ока Хидео/

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл. Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар. 2014. 123 дахь тал

Civil Conciliation Act (Act No. 222 of June 9, 1951) http://jalii.law.nagoya-u.ac.jp/stuwork/act326_222-416_152-a.html; http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail_download/?ff=09&id=2158.

[21] Robert Zeinemann. The Characterization of Public Sector Mediation. Spring, 2001, 24 Environs Envtl. L. & Pol'y J. 49. p.57 http://environs.law.ucdavis.edu/volumes/24/2/articles/zeinemann.pdf

[22] Kem Lowry. Mediation of Complex and Public Interest Cases: An Evaluation Report to the Judiciary. PCR Working Paper Series, Department of Urban and Regional Planning and Program on Conflict Resolution, 1989-1992. Manoa, HI: University of Hawaii. p.4

http://www.peaceinstitute.hawaii.edu/resources/_epubs/Mediation-of-Complex-and-Public-Interest-Cases.pdf

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн