Хүрээлэн буй орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдсөнийг шүүхэд нотлох асуудал

2017-01-10 | Уншсан: 704

Л.Галбаатар

Монголын Хуульчдын холбооны “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх асуудал эрхэлсэн хороо”-ны гишүүн, хуульч

    Тодорхой этгээд хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн талаар хангалттай сонирхолтой байсан ч нэхэмжлэлд дурдсан асуудал шүүхэд нотлогдохгүй бол энэ бүхэн ач холбогдолгүй зүйл болж хувирна. Асуудлын цөм нь хүрээлэн буй орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүйг нотлох болж байна. Үүнийг эхнээс нь цэгцтэйгээр шинжлэн үзье.

Хэн нэхэмжлэл гаргах эрхтэй вэ?

2016.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгад хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд үндсэн хоёр шаардлага хангасан байх ёстой гэжээ. Энэ хоёр шаардлагыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт бий.[1]

Энэ тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шалтгаан заах, нэхэмжлэл гаргагч этгээд нэхэмжлэлийг нь хүлээн аваагүй нөхцөлийг арилгах буюу нэхэмжлэлээ дахин гаргахад дээр дурдсан хоёр шаардлагыг хэн бүхэн нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх хэрэгцээ үүсэхээр байна.

Тодруулбал, тус хуулийн 18 дугаар зүйлд зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

  1. нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
  2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.[2]

Эндээс харахад хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь байгууллага байхаар байна. Харин ямар байгууллага вэ?

Дээрх шаардлага ёсоор тухайн байгууллага нь дүрэмдээ байгаль орчныг хамгаалах зорилготой гэдгээ тусгасан байх ёстой байна. Мөн гурван жилээс багагүй хугацаанд байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа явуулсан байх ёстой байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага, нөхөрлөл нь гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.[3]

Энд анхаарах зүйл нь “хүрээлэн буй орчныг хамгаалах” ба “байгаль орчныг хамгаалах” нь адил агуулгатай юу гэх асуудал байна. Захиргааны процессын хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ялгаатай бичсэнийг хэрхэн ойлгох вэ? Байгаль орчны асуудлаарх 1998 онд батлагдсан, 2001 онд хүчин төгөлдөр болсон НҮБ-ын конвенц болох Аархусын конвенцийг монгол хэлнээ “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах талаарх Аархусын конвенц” гэж орчуулжээ.[4] Тус конвенцын нэрэнд буй “Environmental” гэснийг “байгаль орчны” гэж орчуулсан байна.[5] Тус үгийг мөн толь бичгүүдэд “хүрээлэн буй орчин” гэдгээр орчуулсан байдаг.[6] Эндээс үзвэл “хүрээлэн буй орчин” ба “байгаль орчин”-ыг Захиргааны процессын хуулийн хэрэглээнд нэг ойлголт гэж үзэх боломжтой байна.

Яагаад олон нийтийн буюу төрийн бус байгууллага хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөх нь зохистой вэ? гэх асуулт гарч ирнэ. Энэ талаар зарим олон улсын шинжээч “төрийн бус байгууллагууд нь нийтийн эрх ашгийг төлөөлөх замаар нийгмийн зорилгыг хангах чухал этгээд бөгөөд нийгмийг илүү эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж тэмдэглэсэн байдаг.[7]

Тэгвэл байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага хэр олон бэ? 2009 оны байдлаар гэхэд байгаль орчны 512 төрийн бус байгууллага- 2650 гишүүн, ажиллагсад байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудад тус салбарын төрийн албан хаагчдаас 4 дахин олон хүн хамрагдаж үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс дунджаар 80 орчим хувь нь нийслэлд, 20 хувь нь хөдөө орон нутагт байна.[8] Ийм үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нь нийт төрийн бус байгууллагын 10 орчим хувийг эзэлж байна.[9]

Нэхэмжлэлд ямар шаардлага тавигдах вэ?

Одоо хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлөн гаргах нэхэмжлэлд тавигдах шаардлагын талаар авч үзье. Хуульд зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ бичсэн байна.[10] Эндээс дараах асуулт урган гарч байна. Үүнд:

  • Хүрээлэн буй орчинтой холбоотой асуудлаарх сонирхол ямар тохиолдолд хангалттай байх вэ?
  • Хүрээлэн буй орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол юу байх вэ?

Эдгээр асуултад олон улсын эрх зүйн зохицуулалтын туршлагаас хариулах нь зүйтэй болов уу. НҮБ-ын конвенц болох 2001 онд хүчин төгөлдөр болсон “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах талаарх Аархусын конвенц”-од зааснаар байгаль орчны тухайн асуудлаар гаргах шийдвэрийн нөлөөлөлд өртсөн, өртөж болох, түүнчлэн ашиг сонирхол бүхий олон нийт буюу түүнийг илэрхийлэх, төлөөлөх байгаль орчныг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудыг маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн гэж үзэж болохоор байна.[11]

Харин байгаль орчныг хамгаалах нь хүрээлэн буй орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол гэж үзэж болох юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчныг хамгаалах гэдэгт дараах ажиллагаа хамаарна:

  • Байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх,
  • Байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх,
  • Дээр дурдсан үйлдлүүдэд хяналт тавих.[12]

Энд дурдсан байгаль орчныг хамгаалах үйлсийн эсрэг аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн буюу зөрчсөнд тооцогдох юм.

Хүрээлэн буй орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдсөнийг хэрхэн нотлох вэ?

Хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчид хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх эрхтэй байх зохицуулалттай.[13]

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) “Дэлхий нийтийн шүүгчид” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн “Байгаль орчны эрх зүйн асуудлаарх шүүхийн гарын авлага”-т хүрээлэн буй орчны хэрэгт нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг тодорхойлж, холбогдох зөвлөмж өгсөн байна.[14] Энд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дараах байдлаар ангилсан байна:

  • Эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаарх шинжээчийн нотлох баримт /дүгнэлт/;
  • Гэрэл зургийн нотлох баримт;
  • Агаар, ус, газар дахь хаягдлын химийн шинжилгээ;
  • Байгаль орчны нөлөөллийн талаарх шинжлэх ухааны тайлан.[15]

Үүнийг жишээн дээр авч үзье. Усны бохирдолтой холбоотой хэргийн хувьд нотолгоо нь дараах нотлох баримтаас бүрдэнэ:

  • Усны урсгал дахь бохирын сувгийн гэрэл зураг, дүрс бичлэг;
  • Усны урсгал руу хоолойгоор урсаж буй бохирын гэрэл зураг, дүрс бичлэг;
  • Усны урсгал дахь үхсэн загас, хөвж буй бусад амьтны гэрэл зураг;
  • Усны болон бохирдуулагчийн химийн шинжилгээний тайлан;
  • Хүн, амьтан, ургамал дахь усны бохирдлын нөлөөний талаарх эрүүл мэндийн нотлох баримт.

Байгаль орчны хэрэг дээр нотлох баримтыг олон талаас, олон хэлбэрээр цуглуулах нь тухайн хэрэг дээр шүүгч хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, нотлох баримтын дараах гурван төрлөөс заавал ашигласан байх нь зүйтэй. Үүнд:

  • Физикийн шинжлэх ухааны буюу эпидемиологи; токсикологи; ДНХ; эмнэлгийн; инженерийн нотлох баримт
  • Эдийн засаг, нийгмийн буюу эдийн засгийн ашиг/алдагдал/хохирол; байгалийн нөөцийн үнэлгээ; нийгмийн зардал/ашиг; байгаль орчны нөлөөлөл; соёл, түүх, гоо зүйн нотлох баримт
  • Аргын нотлох баримт буюу статистик; үзлэг, шинжилгээ.  

Шүүгчийн хувьд дээр дурдсан олон төрлийн нотлох баримтыг цуглуулах нь эхний алхам бөгөөд хоёр дахь алхам нь тэдгээр нотлох баримтыг ойлгох, үнэлэх юм. Үүний тулд шинжээчдийн дүгнэлт үнэн эсэхийг нягтлуулахаар буюу тухайн хэрэг болсон газар очиж, хэргийн нөхцөл байдлын талаар ойлгоход нь шүүгчид туслах шинжээч томилох нь зүйтэй. Энэ нь нэг талаар хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтын талаарх эргэлзээг арилгах, талуудын байр суурийг хөндлөнгөөс үнэлэхэд нэн тустай юм.[16] Ийм шинжээчийн дүгнэлт нь агуулга, хэлбэрийн хувьд зохих шаардлага хангасан, тодорхой бүтэцтэй байдгийг зарим улсын жишээнээс харж болно. Жишээ нь Шинэ Зеланд улсын байгаль орчны хэргийн шүүхэд шинжээч дүгнэлт гаргахдаа дараах мэдээллийг дүгнэлтээ оруулсан байна.[17] Үүнд:

  • хэргийн тухай товч мэдээлэл буюу хэргийн оролцогчдын нэрс
  • шинжээчийн чадвар, туршлага
  • шинжээчийн ёс зүйг баримталсан буюу худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагын талаар уншиж, ойлгосон тухай мэдэгдэл
  • дүгнэлтийн хүрээ, хязгаар
  • үүсч буй асуудал буюу шинжилсэн зүйл, сэдэв бүрээрх хэсэгчилсэн дүгнэлт, ерөнхий дүгнэлт
  • шинжээчийн нэр, гарын үсгийн баталгаа
  • хавсралт буюу ном зүй, эх сурвалж. 

            Мөн хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй талаарх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүгч, хэргийн оролцогчийн хувьд нотлох баримт цуглуулах, үнэлэхдээ “4С” гэгдэх дарааллыг баримтлах нь үр дүнтэйг судлаачид онцолсон байна. Үүнд:

  • Судлах /ерөнхий судалгаа хийх/
  • Системчилсэн дүн шинжилгээ хийх /асуудлын мөн чанарыг судлах/
  • Судалгааны үр дүнг нэгтгэх /зохих үндэслэлтэй гаргалгаа хийх/
  • Судалгаанд суурилсан үндэслэгээ дэвшүүлэх /шүүхээс гарах шийдвэрийн үндэслэлийг боловсруулах буюу дэмжих/.[18]

Энэ дарааллаар дамжиж гарсан шүүхийн шийдвэр жишиг болж, тухайн шүүгч, хэргийн оролцогчийн хувьд туршлага болох юм.

Дүгнэлт

Олон улс орны сайн туршлагаас байгаль орчны хэрэгт нотлох баримтын асуудал нэн чухал болох нь харагдаж байна. Үүнээс гадна тухайн хэргийг хянан шийдвэрлэх хүсэл эрмэлзэл шүүгчид байх, үүний тулд шүүгчдийг байгаль орчны асуудлаар сургах, мэргэшүүлэх нь үр дүнтэй болохыг  харж болох юм.[19]

Цаашилбал захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг хууль бус олборлолт; агаарын бохирдол; чимээний бохирдол; байгалийн тэнцэл алдагдах зэрэг хэргийн төрлөөр мэргэшүүлэх нь шүүхээс байгаль орчинтой холбоотой нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийн сөрөг нөлөөг багасгах, тэдгээрт хяналт тавихад ач холбогдолтой юм.[20]

Үүний тулд шүүх, хууль зүйн мэргэжлийн байгууллага, хууль зүйн их дээд сургуулиуд байгаль орчны эрх зүйн асуудлаарх мэдээлэл, материалыг харилцан солилцож байх, энэ чиглэлээр хамтран ажиллах сүлжээ бий болгох нь чухал болохыг 1995-2002 оны хооронд болсон тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын шүүгчдийн симпозиумд удаа дараа онцолсныг бид анхаарахгүй өнгөрч болохгүй санагдана.[21]  

Ашигласан эх сурвалж

Монгол хэл дээр

 

  1. “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах талаарх Аархусын конвенц”
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл /танилцуулга/. 2009.
  3. Байгаль орчныг хамгаалах тухай хууль. 1995 он.
  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2002 он. “Төрийн мэдээлэл” эмхтгэл, 2003 он, №3 
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2016 он, №09
  6. Нээлттэй нийгэм форум, Ардчиллын боловсрол төв. Монгол Улс дахь төрийн бус байгууллагуудын мэдээлэл. Улаанбаатар. 2005.

 

Гадаад хэл дээр

1.    Convention on Access to Information, Public Participation in Decision Making and Access to Justice in Environmental Matters, 1998

  1. Judges Programme, Division of Environmental Law and Conventions, United Nations Environmental Programme, 2005
  2. Evidence in Environmental Cases /Presentation/. Application of Environmental Law by Nationalcourts and Tribunals. Judicial Training Modules on Environmental Law. UNEP Global Judges Programme. 2005
  3. Judicial Handbook on Environmental Law by Dinah Shelton and Alexandre Kiss. United Nations Environment Programme, 2005.
  4. Judges & Environmental Law (A Handbook for Sri Lankan Judiciary). United Nations Environment Programme, 2009.
  5. Statement of Technical Evidence by Allan Norman Kirk on the Topic of Sustainable Land Use and Accelerated Erosion on Behalf of Manawatu-Wanganui Regional Council 2012.01.31
  6. Evidence in Reply of Fleur Maseyk for Manawatu-Wanganui Regional Council, 2012.03.14
  7. Enforcement of Environmental Law: Good practices from Africa, Central Asia ASEAN Countries and China. UNEP. 2014.
  8. Organising evidence for environmental management decisions: a ‘4S’ hierarchy. Lynn V. Dicks, Jessica C. Walsh, and William J. Sutherland. Conservation Science Group, Department of Zoology, University of Cambridge, Downing Street, Cambridge CB2 3EJ, UK. Trends in Ecology & Evolution, November 2014, Vol. 29, No. 11
  9. Эдвин Рекош. Кто определяет общественные интересы?. PILI papers. 2015.07.

 


[1] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2016 он, №09

[2] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн 18.3.1, 18.3.2 дахь заалт. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2016 он, №09

[3] Байгаль орчныг хамгаалах тухай хууль. 1995 он. 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт.

[4] Конвенцыг “Хүний эрх, хөгжил төв”-ийн орчуулснаар дараах холбоосоор танилцах боломжтой https://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/documents/Aarhus__Convention_in_Mongolian.pdf

[5] Convention on Access to Information, Public Participation in Decision Making and Access to Justice in Environmental Matters, 1998 https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XXVII-13&chapter=27&lang=en

[6] www.bolor-toli.com цахим толь бичгээс ‘environment’, ‘environmental’ гэх үгийн орчуулгыг харах боломжтой

[7] Эдвин Рекош. Кто определяет общественные интересы?. PILI papers. 2015.07. Cтр. 18

[8] Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл /танилцуулга/. 2009. 5, 6 дахь тал. http://siteresources.worldbank.org/INTMONGOLIA/Resources/3_2_MNET.pdf

[9] Нээлттэй нийгэм форум, Ардчиллын боловсрол төв. Монгол Улс дахь төрийн бус байгууллагуудын мэдээлэл. Улаанбаатар. 2005. 10 дахь тал http://www.forum.mn/res_mat/NGOS_Survey20060314.pdf

[10] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн 52.5.5 дахь заалт. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2016 он, №09

[11] “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, эрхээ хамгаалуулах талаарх Аархусын конвенц”-ын 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дэлгэрүүлж үзнэ үү: https://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/documents/Aarhus__Convention_in_Mongolian.pdf

https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XXVII-13&chapter=27&lang=en

[12] Байгаль орчныг хамгаалах тухай хууль. 1995 он. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 7 дахь заалт

[13] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл. “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2016 он, №09; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл.

[14] Judges Programme, Division of Environmental Law and Conventions, United Nations Environmental Programme, 2005 http://www.unep.org/delc/judgesprogramme

[15] Evidence in Environmental Cases /Presentation/. Application of Environmental Law by Nationalcourts and Tribunals. Judicial Training Modules on Environmental Law. UNEP Global Judges Programme. p.4 http://www.unep.org/delc/Portals/119/08_EVIDENCE%20IN%20ENVIRONMENTAL%20CASES.pdf

[16] Judicial Handbook on Environmental Law by Dinah Shelton and Alexandre Kiss. United Nations Environment Programme, 2005. p.52 http://www.unep.org/delc/Portals/119/publications/Judicial-Handbook-Environmenal-Law.pdf

[17] Statement of Technical Evidence by Allan Norman Kirk on the Topic of Sustainable Land Use and Accelerated Erosion on Behalf of Manawatu-Wanganui Regional Council 2012.01.31; http://www.horizons.govt.nz/assets/one-plan-publications-and-reports/Land-Technical-Evidence-Allan-Kirk-20120201.pdf

Evidence in Reply of Fleur Maseyk for Manawatu-Wanganui Regional Council, 2012.03.14 http://www.horizons.govt.nz/assets/one-plan-publications-and-reports/Biodiveristy-Technical-Rebuttal-Evidence-Fleur-Maseyk-20120314.pdf   

[18] Organising evidence for environmental management decisions: a ‘4S’ hierarchy. Lynn V. Dicks, Jessica C. Walsh, and William J. Sutherland. Conservation Science Group, Department of Zoology, University of Cambridge, Downing Street, Cambridge CB2 3EJ, UK. Trends in Ecology & Evolution, November 2014, Vol. 29, No. 11. p.608 http://www.cell.com/trends/ecology-evolution/pdf/S0169-5347(14)00199-2.pdf

[19] Enforcement of Environmental Law: Good practices from Africa, Central Asia ASEAN Countries and China. UNEP. 2014. p.20 http://www.unep.org/delc/Portals/119/publications/enforcement-environmenal-laws.pdf

[20] Judges & Environmental Law (A Handbook for Sri Lankan Judiciary). United Nations Environment Programme, 2009. p.71 http://efl.lk/v2/wp-content/uploads/2015/12/Judges-Environmental-Law-A-Handbook-for-the-Sri-Lankan-Judiciary-1.pdf

[21] Global Judges Programme, UNEP. 2005. p.1 http://www.unep.org/delc/Portals/119/publications/unep-global-judges-programme.pdf

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн