Гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” номын нээлт боллоо

2016-11-10 | Уншсан: 445

    УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” номын нээлт өчигдөр /2016.11.09/ боллоо.

Шинэ бүтээлийн нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар, Н.Учрал, Х.Нямбаатар, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, профессор, багш нарын төлөөлөл оролцсон.

Уншигч түмэндээ шинээр өргөн барьж буй “Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник” ном нь түүний 38 дахь бүтээл бөгөөд хууль санаачлах, хэлэлцэж батлах, баталгаажуулах, хэвлэн нийтлэх үеийн техник, хууль тогтоомжийг системчлэх, тайлбарлах, эрх зүйг рецепцлэх болон хууль хэрэглэх техникийн асуудлыг багтаасан нийт 7 бүлэг, 17 зүйл бүхий 330 хуудастай ажээ.

Энэхүү бүтээл нь Монгол Улсад хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хууль тогтоомж тогтвортой, хийдэл, зөрчилгүй байхад гол гарын авлага, арга зүйн үндэслэл болж байгаагаараа практик ач холбогдолтой юм байна.

Сонирхуулахад, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан нь Монголын төр ёс, хууль цааз, Үндсэн хуулийн эрх зүйтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй ном, сурах бичгийг дангаараа болон хамтран бүтээж хэвлүүлж байсан юм. “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” номоороо Монгол Улсын гавьяат хуульч, хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Их Хурлын шагнал”-ын анхны эзэн болсон билээ.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн