Хуульчдын холбоо ОХУ-ын Буриад Улсын их сургуультай хамтран ажиллахаар боллоо

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг ОХУ-ын Буриад Улсын их сургуулийн Хуулийн факультетын декан, хатагтай Раднаева Эльвира Львовна болон бусад албаны хүмүүсийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон. Санамж бичгийн хүрээнд:
- Хоёр байгууллагаас эрхлэн гаргадаг эрх зүйн сэтгүүлд Монгол, Оросын хуульч, судлаачид, эрдэмтэд өөрийн өгүүлэл, нийтлэлийг гаргах;
- Хууль зүйн их дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх асуудлын хүрээнд ОХУ-ын туршлагыг судлах;
- Хуулийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг харилцан үйлдвэрлэлийн дадлага хийлгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Мөн тус уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбоо Буриадын их сургуулиас жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулдаг “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт залуу хуульчдын олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд зохион байгуулагчаар оролцох урилгыг хүлээн авлаа.