АНУ-ЫН ПЕНСИЛЬВАНИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ШИНЭ ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
АНУ-ын Пенсильванийн их сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал Стивен Барнес 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан нартай уулзлаа.
Хуульчдын холбоо болон Пенсильванийн их сургууль нь анх 2015 оны 10 дугаар сард хамтын ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Хуульчдын холбооны урилгаар Пенсильванийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор, АНУ-ын Калифорни мужийн дүүргийн дампуурлын хэргийн шүүгч асан Самуэл Л.Баффорд болон Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж байсан профессор Жули М.Метцгер нар манай улсын хуульчдад “Нотлох баримтын эрх зүй”, “Олон улсын худалдааны эрх зүй”, “Олон улсын бизнесийн гүйлгээний эрх зүй” болон “Баталгаат гүйлгээний эрх зүй” сэдвээр сургалт явуулсан юм.
Тэгвэл энэ удаагийн уулзалтаар талууд Монголын хуульчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт семинарыг хамтран зохион байгуулах, АНУ-ын Пенсильвани мужийн Барын холбоотой хамтран ажиллаж, харилцан туршлага судлах болон хуульчдад зориулсан богино хугацааны сургалтыг АНУ-д зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.
АНУ-ын Пенсильванийн их сургууль нь 2016 оны байдлаар дэлхийн шилдэг 980 сургуулийн жагсаалтын 13-т бичигдсэн бөгөөд одоогийн байдлаар тус сургуульд Монгол Улсаас 5 оюутан амжилттай суралцаж байна.