Мэндчилгээ

    Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, хуульчдын өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад зургаа дахь жилтэйгээ золголоо.

    Хуульчдын холбоо нь өнгөрсөн жилүүдэд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд чамлахааргүй олон ажлуудыг амжуулж, нийгэмд үлгэр дуурайлал болон төлөвшиж байна.

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрмээр олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн болоод Хуульчдын холбооны бүтцийн байгууллагуудыг бэхжүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсний зэрэгцээ гадны ижил төстэй байгууллагуудад Монголын Хуульчдын холбоог таниулах, сурталчлах, хамтран ажиллах ажилд онцгойлон анхаарч ирлээ.

    Хуулийг амилуулж, шударга ёсыг сахиулах замаар эх орныхоо тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөг хамгаалж, оршин буй нийгмийнхээ эмч нь бас инженер нь байх онцгой чиг үүрэг хуульчид биднийх байдаг. Тиймээс бид нэгдсэн нэг үнэт зүйлийн дор нэгдэж, илүү эрчээр илүү хүчтэй ажиллан, иргэдийнхээ амьдрал, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Монголын Хуульчдын холбоо нь цаашид дараах зорилго, зорилтыг өмнөө тавин хэрэгжүүлэх болно. Үүнд:

1. Хуульчдаа  ялгаварлалгүйгээр  тэгш бөгөөд төгс үйлчилгээг үзүүлдэг үлгэр жишээ байгууллага болно.

2. Хуульчдынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалдаг, аливаа сонирхол, нөлөөллөөс ангид, бие даасан, хараат бус байгууллага байна.

3. Хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэн бодлогын нөлөөлөл хийдэг, нийгмийн үнэт зүйл,нийтийн эрх ашгийг хамгаалдаг , улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг мэргэжлийн нөлөө бүхий байгууллага байна.

4. Хууль  зүйн  шинжлэх ухааны  хөгжлийг  дэмждэг, хуульчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаардаг хамтын ажиллагааны жишиг байгууллага байна.

    Өнөөдөр бидэнд Хуульчдын холбоогоороо дамжуулан "хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, ёс зүйтэй, мэдлэг чадвар бүхий хуульчдыг төлөвшүүлэн төрүүлэх" чиг үүргүүдийг хамтран хэрэгжүүлж, төр, иргэдийнхээ түшиг, хуульч мэргэжилтнүүдийнхээ өмөг болсон, мэргэжлийн нөлөө бүхий байгууллага болон хөгжих бүрэн боломж бий.

    Тиймээс нийтээр нэг зорилго, үнэт зүйлийн дор нэгдэж, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг их хүчин болохын төлөө хамтран ажиллая хэмээн хуульч Таныг уриалж байна. Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулахад Хуульч таны идэвх оролцоо нэн чухал юм.

      Хуульч таны нийгэмд шударга ёсыг тогтоож, хүний эрхийг хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсье!

 

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн